2017-2018 оны хичээлийн жилийн “Эрдмийн баяр” ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 12 бүлгийн 336 сурагчид төгсөж, амьдралынхаа гарааг эхэлж байна.
“Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Энэхүү арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Г.Батсуурь төгсөгчдөд баяр хүргэж хэлсэн үгэндээ “ Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ эрдмийн баярын мэндийг дэвшүүлэе. Сурагчид та бүхэн удахгүй болох улсын болон элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн мэргэжлээ сонгон суралцаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Мэргэжлээ сонгохдоо өөрийн авъяас чадвар эрдэм мэдлэгтээ түшиглэхийн зэрэгцээ аймгийнхаа хэтийн хөгжил, бодлогыг харж хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийг сонговол ажлын байраар хангагдах боломж ихтэй юм гэдгийн онцлон хэлье.
Төрөлх аймагтаа ажиллаж, амьдран, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уг арга хэмжээний үеэр суралцах хугацаандаа сурлага, урлаг, спортоор манлайлан суралцсан сурагчдыг шагнаж урамшууллаа.