Говьсүмбэр аймгийн Засаг даргын мэндчилгээ

Боржигин түмний өлгий нутаг Говьсүмбэр аймгийн иргэд, олон түмэн та бүхэндээ аймгийн Засаг даргын зүгээс чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” –той уялдуулан аймгийн дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөн, “Говьсүмбэр аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан, 6 зорилго, 22 зорилт, 145 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, эдийн засаг, нийгмийн салбарын хөгжлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, сурч боловсрох орчин нөхцлийг бүрдүүлж, мэргэжлийн ажилчдыг бэлтгэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлж, суурь дэд бүтцийг сайжруулснаар хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилго, зорилтыг тавьсан.

Мөн хүний хөгжлийг хангах, иргэдийг соён гэгээрүүлэх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн 17 багц арга хэмжээг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна.

                  Бид 2021 онд улсын төсвийн 8.6 тэрбум, орон нутгийн хөгжил сангийн 2.3 тэрбум, орон нутгийн хөрөнгө оруулалтын 1.9 тэрбум төгрөг, нийт 11.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 48 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, 2 дугаар сургууль, 5, 3 дугаар цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлж, Боржигин чуулга, Цагдаагийн хэлтсийн барилгын ажлыг эхлүүлж, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэн, авто болон явган замыг өргөтгөх, засварлах, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, ногоон байгууламжийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

2022 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэн 2 төсөл, улсын төсвийн 12.5 тэрбум төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалтын 2.2 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн 3.7 тэрбум төгрөгөөр нийт 16.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тухайлбар БНСУ-ын экспорт, импортын банкны зээлийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд Дулааны цахилгаан станц, Польш улсын Засгийн газрын санхүүжилтээр Цэвэрлэх байгууламж, улсын төсвийн 11.8 тэрбум төгрөгөр усан спортын төв бүхий спорт цогцолбор, 2.3 тэрбум төгрөгөөр Шивээговь сумын цэцэрлэгийн барилгыг барих, 5.3 тэрбум төгрөгөөр Шивээговь сумыг улсын чанартай авто замтай холбох замын ажлыг эхлүүлж, 6.9 тэрбум төгрөгөөр Боржигин чуулга, 3.3 тэрбум төгрөгөөр аймгийн төвийн авто замын сүлжээг өргөтгөх ажлыг үргэлжлүүлэн, 5.6 тэрбум төгрөгөөр Сүмбэр сумын 2 дугаар сургууль, 1.6 тэрбум төгрөгөөр 5 дугаар цэцэрлэг, 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилгыг барьж дуусган, ашиглалтад хүлээн авна.

              Манай аймаг нь Өрсөлдөх чадварын үнэлгээ болон Хүний хөгжлийн индексээр улсын хэмжээнд 5 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөсөн, ажилгүйдэл, ядуурал буурч, ард иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэж, зам харилцаа, дэд бүтцэд тулгуурлан хөгжиж буй залуу аймаг болохоо батлан харуулж байна.

Говьсүмбэрчүүд бид нэгдмэл зорилго, алсын хараатай байж, итгэл, сэтгэл, эвийн хүчээр аймаг, орон нутгаа хамтдаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

                            Боржигин түмний заяа түшиж, Оцол сансар, Чойрын богд уул Говьсүмбэр аймгийн зон олон бид бүгдийг мөнхөд ивээх болтугай.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
Г.БАТСУУРЬ