Аймгийн түүх соёл

Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан

Түүх: Одоогоос 766 жилийн өмнө 1240 оны цагаан хулгана жил зохиогдсон, дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох монголын нууц товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

 

Түүх соёлын дурсгалт газрууд

 

1. ЧОЙРЫН БОГД УУЛЫН ЦОГЦОЛБОР /ДАГВАСҮНДЭЛ БУРХАН,ТӨМӨР УТАСНЫ ХОРООНЫ ТУУРЬ/ Чойрын Богд уул нь Говьсүмбэр аймгийн ард түмний бахархал болсон уул юм. Уг уул нь аймгийн зүүн урд захад, манай орны их Боржигоны бүсийн хамгийн баруун зах нь болон оршдог. Тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авч, Монгол УИХ-ын 2011 оны 01 сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан.

Чойрын Богд уулын ойр орчимд олон төрлийн түүх соёлын дурсгалт зураг дүрс гадна Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, түүний дэргэд Цагаан дарь эх бурхан, Хүслийн хад, Хүүхдийн овоо, Илдний зурагтай хад, Эртний хятадын төмөр утасны хорооны туурь, Дугар Мээрэнгийн хөшөө зэрэг бий.

Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй.

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 179 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Чойрын богд ууланд байрлах Дагвасүндэл бурханыг улсын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлээр баталсан.

Дагвасүндэл бурхан

Бурханы зургийг 317см өндөртэй бүтээсэн бөгөөд бурханд эдүгээ эр хүн айл гэрийн ноён нуруугаа даатган залбирч шүтэж ирсэн эрчүүдийн шүтээн бурхан юм.

      Дагвасүндэл гэдэг нь нийлмэл бурхан бөгөөд Боржигин Сэцэн вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн шүтээн бурхан юм. Бурхны нэр нь  ДАА ЧАГ СОН  юм. Энэ нь Дамдин Чагдар Чунт бурхадын нийлбэр гэсэн үг ажээ. Очирваань бурханы орой дээр Хаянхаярваа бурханы титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурханы бэлгэдэл хангарьд шувууг дүрслэжээ.

УМ БАЗАР ВААНИ ХАЯН ХЯРВАА ГАРУНА ХУМ ПАД гэх тарнийг уг бурханы дүрслэлийн доор бичжээ. Бичвэрийн хэмжээ 220 см,165 см хэмжээтэй,зураасны өргөн нь 15-50 мм юм.           
      Энэхүү бурханыг байгаль дэлхийн барилдлага,таталцал энергийн хуулиар машид зөв бүтээгдсэн учир ноён суудал хийгээд, албан тушаал дэвших, зэрэг цол ахихад машид сайн хэмээн үзэж бүтээгдсэн цагаас өдгөө хүртэл шүтэн золгосоор иржээ.

 

2. САНСАР ХАЙРХАН УУЛ

Аймгийн төвөөс зүүн тийш 34 км –т далайн түвшинээс 1682 м өндөр.нутгийнхан энэ уулыг арслангийн хэлбэртэй уул гэдэг бөгөөд уултай холбогдсон домог олон бий. 1700 оноос эхлэн нутгийн ардууд тахидаг байсан ба 1850-иад оноос хошуу ноёны зарлигаар Сансар хайрханыг төр тахих болжээ. Сансар хайрханыг тахихад уншдаг  сан бий. Тахихдаа морь уралдуулан уулын лус савдагийг сэргээж, бөх барилдуулж уулын эзэн шар арслангийн хүч зоригийг бадраана хэмээдэн үздэг  ажээ.  Шархтай хүн мал гархыг цээрлэж ирсэн уламжлалтай.

 

3. СҮМБЭР ХАЙРХАН УУЛ

Энэхүү хайрхан нь хад асга багатай өндөрлөг юм. Аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т далайн түвшнээс 1585 м өндөр.VI-р зууны үеэс эхлэн тахиж ирсэн гэх аман яриа байдаг. 1800 оны эхэн үеэс дан эрчүүд тахиж ирсэн тул  эр хүний уул буюу харуул уул, түшмэл уул гэх нь ч бий.
Тал хээрийн бүсэд орших ганц хайрхан тул хүний ганц хүүд ээлтэй сайн, нөмөр уул хэмээн үзэж хэдэн зуунаас эрчүүд хаврын тэргүүн ,зуны тэргүүн саруудад тахин морь уралдуулж иржээ. Эртнээс нааш адууны нутаг байсаар ирсэн энэ хайрхан нь зудтай жил ч адуунд ээлтэй нөмөр нөөлөгтэй говийн хайрхан юм. Сүмбэр хайрханыг эр хүн, үрээ морь хоёрын уул ч гэдэг. Сүмбэр хайрханд уяачид гарч хийморио сэргээдэг ёс зан үйл бий.Хайрханы зүүн хойно Уяан товог гэх түүхэн газар ч бий. Хайрханыг тойрон морь уяж, сунгаа хийж наадмын бэлтгэлээ базаадаг морины нутаг ажээ. Сүмбэр хайрханд Боржигины алдарт уяачид ихэд сүслэн шүтэж иржээ. Энэ хайрханы орчмоос Боржигины хурдан хүлгүүд,алдарт уяачид төрөн гарсан байдаг. Сүмбэр хайрханы арын Уяан товог хэмээх газар Морин Спорт уяачдын холбооноос дурсгалын хөшөөг 2011 онд босгожээ.

 

4. ЗҮҮН ЧОЙРЫН ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР /Цагаан дарь эх/  Зүүн жанжин Чойрын хийдийн туурь

Зүүн чойрын хийд Жанжин бэйлийн хошууны Зүүн чойр хийдийг Богд уулын “Марзана хоолой Мандлын таван хад” хэмээх энэхүү газарт Тэнгэр тэтгэгчийн дөчингуравдугаар (1778) он, XIII жарны шороон нохой жилд Жанжин төрийн ёст мэргэн жонон далай дархан хун тайж, бэйл Дагдандорж ноён байгуулав. 

Энэ хийдийн түвэд нэр нь “Балдандашгомалин”. тус хошуун дахь бүх шашныг төвлөн захирдаг. Энэ хийд нь Гүнчин игчаны дэгээр гүн ухааны сургалт явуулдаг, буддийн гүн ухааныг судалдаг, анагаах ухаан, цагийн хүрдний онол, тарнийн гүн ухааныг судлах дацангууд бүхий 1500 ламын данстай, хошууныхаа хамгийн том хийд байв. 1853 онд зүүн чойр хийдэд Дүйнхор дацан байгуулагдсан. Зүүн Чойрын хийдэд боржигин Сэцэн вангийн хошууны ноён Цэрэнсандивын урилгаар Гүмбүм хийдээс  Сэрдог номун хан Чүлтэмжамц саатан морилж шашины олон ном зохиол туурвисан гэдэг.

 

5. Цагаан дарь эх

Боржигин нутгийн Зүүн Чойрын хийдийн Цогчин дуганы ойролцоох боржин хадны хойш харсан тэгш гадаргуу дээр  Цагаан Дарь эх бурханыг  / долоон тохой хагас талбайд  / 245см өндөр ,170 см өргөн хэмжээтэйгээр урлажээ. Уг бүтээл нь дүрслэлийн хувьд хагас ингэмэл бүтээл юм.

Энэхүү бурханд сайн үйлс бүхнээ даатган залбирч идээ ундааны дээжээ өргөн барьдаг уламжлал тогтжээ.

Чойрын хийдийн орчимд 1828 онд хижиг өвчин дэлгэрч лам болон энгийн ардын  аминд хүрсэн гэдэг.Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы үүд / гол хаалга / чиглүүлэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэх домог өдгөө ам дамжин яригдсаар иржээ.

 

6. ХҮҮХДИЙН ЦАГААН ОВОО

Нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж иржээ. Цагаан овоо гэж нэрлэдэг байсны учир нь тус газрын ойр орчмын уул хад нь боржингийн зүүн зах болдог бөгөөд боржин чулуун хадан дунд ганцхан энэ чулуу цагаан байсан учир тийн нэрлэдэг байжээ. Нутгийнхан энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь “Хүүхдийн цагаан овоо” хэмээн нэрийдэж тахиж иржээ. Энэхүү овоог тахилга хийж хүүхдүүд уралдуулан хувь өгдөг байжээ. Хүүхдийн  цагаан овоонд очихдоо өргөө гэрээ зөгнөн барих, хүүхэд гуйх, хүүхдээ даатган залбирах заншил тогтжээ. Цагаан чулуугаар гэр барих нь угсаатны соёл юм.

 

7. ХҮРИЙН НОГООН НУУР

Хүмүүс нуурын ус болон шаварыг хулуу,шар ус,үе мөч,арьсны зарим өвчинд сайн хэмээн нууранд орж шавар, усаар нь сувилан эмчилдэг бөгөөд энэ үеэр нуурын ойролцоох худгийн уснаас уудаг. Тус нууранд галуу,нугас,ангир,тогоруу зэрэг нүүдлийн шувууд ирдэг. Нуурын урт 100м, өргөн 60 радиустай.

 

8.ЦООРХОЙН РАШААН

Чойрын богд уулнаас баруун тийш уулын хормойд тал газарт Цоорхойн рашаан  байдаг. Цоорхойн рашаан зун тасхийм хүйтэн байх атлаа идэр есын хүйтэнд харзлан  байдаг ер бусын онцлогтой. Энэхүү рашаан нь хүний дотор эрхтэнд сайн хэмээн нутгийн иргэд амны усандаа хэрэглэж иржээ.

Нутгийнхан рашаан хэмээн дээдэлж магнайдаа хүргэн амсдаг нь ариун дагшин байгалиа хайрлаж ирсэн уламжлалтай. Тус рашаан нь дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад тэрүүхэндээ бүх зүйлс оргилж эхэлдэг. Оргилж гарсан ус нь хэдхэн алд яваад газартаа шургачихдаг. Газрын хэвлий цоолдон гарч ирдэг болохоор нь Цоорхойн рашаан гэж нэрлэжээ. Энэхүү газрыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд авжээ.

 

9. ЦЭРГИЙН АЛДАРЫН ХӨШӨӨ

Говьсүмбэр аймагт маань сүндэрлэн байдаг, хаа газраас ирсэн зочдын нүдийг хужирлаж, гэрэл зурагаа дурсгал болгон дэргэд нь татуулдаг нэгэн сонирхолтой хөшөө дурсгал бол Зөвлөлтийн цэргийнхэний байгуулсан “Цэргийн алдарын хөшөө” билээ. Байгууламжийн хувьд өндрөөрөө одоо ч Монголд дээгүүр ордог уг хөшөөг орон нутгийн иргэд голдуу “Нэргүй баатарын хөшөө” гэж нэрлэх. Зарим нь бүр “Алёша цэргийн хөшөө” ч гэх. Тэгэхээр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт оросын цэргүүд олноор амь үрэгдсэн тулалдаан болж байгаагүй. Мөн “Алёша цэргийн хөшөө” бол Болгарын Пловдив хотод л тус орныг фашизмаас чөлөөлсөн “Зөвлөлтийн чөлөөлөгч” цэргүүдэд зориулан босгосон байдаг юм. Оросууд бол цэргүүдийнхээ алдар, байгуулсан гавъяагаар бахархаж “Цэргийн алдарын хөшөө”г мөн босгодог. Тэгэхээр “Цэргийн алдарын хөшөө” байх нь зөв гэдэг нь тус хөшөөний бамбайн дээр бичигдсэн “Ард түмний гараар бүтээгдсэн бүхэн бат найдвартай хамгаалагдах ёстой” гэсэн байдаг.