Говьсүмбэр аймгаас төрсөн гавъяатууд

Монгол Улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн” Н.Иштавхай

Н.Иштавхай 1920 оны 02 сард Төв аймгийн Говьсүмбэр сумын нутаг Сансар уулын өврийн Бичигт хэмээх газар Нарангийн хүү болон мэндэлжээ. 17 нас хүртлээ Зүүн Чойр хийдэд шавилан сууж байгаад 1939-1944 онд цэргийн алба хааж, 1960-1964 онд МУИС-ыг төгссөн. Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай зэрэг аймгуудад “Үнэн” сонины сурвалжлагч, “Тоншуул” сэтгүүлийн утга зохиолын ажилтан зэрэг ажлыг хийж байгаад 1981 онд өндөр насныхаа тэтгэвэрт гарчээ. Тэрээр Монголын сэтгүүлчдийн холбооны гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн ахмад гишүүн юм. Өнгөрсөн хугацаанд төвийн болон орон нутгийн сонин хэвлэл, радио телевизийн сурвалжлага нийтлэл 3000 гаруй, үүнээс “Хоноц”, “Цаг үеийн тусгал”, “Тоос татсан говь”, “Цөвүүн цагийн жанжин Чойр”, “Дагшин таван орон” зэрэг номууд хэвлүүлсэн байна. Н.Иштавхай Монгол улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн” цол /1980/, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, ойн медалиуд болон Монголын сэтгүүлчдийн холбооны шагналаар удаа дараа шагнагдсан байна.

Монгол Улсын “Гавьяат зоотехникч” Ц.Тэрбиш

Цэдэвийн Тэрбиш 1934 онд Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн “Хогийн хонхор” гэдэг газар төрсөн. Бага насаа гэрийн хүмүүжлээр өнгөрүүлсэн.1941 онд Мандал сумын дунд сургуулийг дүүргэж Алтанбулагын ХАА-н техниккумд элсэн суралцаж “Зоотехникч” мэргэжил эзэмшсэн. Улмаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд зоотехникч, 1952-1954 онд МАА-н яаманд байцаагч, 1954-1956 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн САА-д зоотехникчээр ажиллаж байв. Тэрээр 1958-1961 онуудад Узбекстан улсын Самарканд хотын ХААДС-ийг каракульч зоотехникч мэргэжлээр төгссөн. 1963-1969 онуудад Төв аймгийн Архустын САА-д зоотехникч, 1969-1971 онд Дорноговь аймгийн Сүмбэрийн САА-д зоотехникч, 1971-1975 онд Сүмбэр сумын Засаг дарга, 1975-1977 онд Угтаалын САА-д зоотехникч, 1977-1978 онд ХАА-н ахлах яаманд мэргэжилтэн, 1978 оноос Сүмбэр САА-д ерөнхий зоотехникчээр ажиллаж байгаад 1986 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ. 1972 онд Румын улсад дэлхийн каракульчдын их хуралд, эрдэмтдийн их хуралд эрдэмтдийн багаа төлөөлөн оролцож байжээ. Ц.Тэрбишийн “Сүмбэр” үүлдрийн каракуль хонийг үүсгэн бий болгож, өсгөн үржүүлэхэд оруулсан хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 1983 онд Монгол Улсын “Гавъяат зоотехникч” цол зэрэг одон медалиудаар шагнасан

Монгол Улсын “Гавъяат жүжигчин” И.Цогбадрах

Ишданзангийн Цогбадрах 1943 онд Дорноговь аймгийн Сүмбэр сумын Өгөөмөрийн хэцэд төрсөн. 5 настай байхаасаа эхлэн морин хуурын 2 талд гарч чихийг мушгин хөглөдөг байсан бөгөөд төдөлгүй сумын уран сайханч Л.Гончигдампилыг даган Нялга, Баянжаргалан, Дархан зэрэг тэр үеийн ойр хавийн сумдад тоглолтоор явж хуурддаг эгч Ичинхорлоо нь дуулдаг байжээ. Чойрын бага сургуульд 2 жил суралцаж Ардын хувьсгалын 30 жилийн ойд зориулсан уран сайханчдын улсын үзлэгт оролцож 3-р байр эзэлж явсан тэрээр Улсын Ардын дуу бүжгийн чуулгад морин хуурч болж 37 жил тасралтгүй ажилласан. Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад, ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, УГЖ Б.Лхамжав, С.Сүглэгмаа, А.Нэргүй зэрэг уртын дууны нэрт мастерууд энэ хүний хуурын аялгуунд дуулж байжээ. 1993 онд Монгол Улсын “Гавъяат жүжигчин” цол тэмдэгээр шагнагдсан.

Монгол улсын “Гавъяат багш” Н.Түмэн-Өлзий

Нацагийн Түмэн-Өлзий 1948 онд Улаанбаатар хотод төрсөн. 1966 онд 24-р сургуулийн 10-р ангийг, 1970 онд УБДС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг дүүргэж Дорноговь аймгийн АУДуС-д багшаар томилогдон очжээ. 1974 онд Сүмбэр сумын дунд сургуульд багшаар томилогдон ирээд Боржигин нутгийн үе үеийнхний багш гэдэг алдар хүндийг хүлээн ажиллажээ. Н.Түмэнөлзийн 1992-93 оны хичээлийн жилд дааж авсан 1-р анги 10-р анги төгсөхдөө монгол хэл, уран зохиолын хичээлээр улсын шалгалтыг 100 хувь онц, сайн дүнтэй төгсгөсөн бөгөөд 1998 онд уг анги Монгол бичгийн улсын олимпиадад улсад Тэргүүн байр эзэлж байжээ. Энэ нь дунд ангийн багш бага анги авч хичээллүүлсэн анхны тохиолдол болж байв. Мөн тэрээр “Монгол хэл уран зохиолын кабинет байгуулсан туршлага” илтгэлээр сурган хүмүүжүүлэх уншлагад улсад амжилттай оролцон түрүүлж, орон даяар болдог нээлттэй хичээлийн өдөрлөгт Улаанбаатар хотод очиж бага ангид математикийн хичээл зааж 2-р байрт шалгарч байсан нь монгол хэлний багш математикийн хичээлийг амжилттай зааж байсан тохиолдол болж байв. Эдгээр нь багш хүний хийдэг ажлын гурван оргил дээр гишгээд авсан тохиолдол байсан бөгөөд 1999 онд Монгол улсын “Гавъяат багш” хэмээх эрхэм алдрыг хүртжээ. Тэрээр одоо Шри Шри амьдрах урлагийн хичээлийн үндсэн курс болон шри шри-иогийн курс, дээд курс, Энэтхэгт олон улсын курс, хатха иогийн багш бэлдэх олон улсын курс болон Сахад самадийн бясалгалд сууж өөрөө иогийн багш болоод амьдрах урлагийг дэлгэрүүлэх ажилд бие сэтгэлээ зориулж явна. Тэрээр мөн дугуйн спортоор тогтмол хичээллэж байгаа бөгөөд Монголын бүх ард түмний спартакиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан дугуйн спортын 1-р зэрэгтэй тамирчин юм. 2009 онд “Хос Мөнгөн хүрд” дугуйн холбоог үүсгэн байгуулж хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эх орныхоо байгалийг танин мэдэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэхэд гар бие оролцож байна.

Монгол улсын “Гавъяат уурхайчин” О.Шагдаржав

Очирын Шагдаржав 1949 онд Ховд аймгийн Булган суманд төржээ. Орон нутагтаа баган дунд сургуулийг дүүргэж 1699-1967 онд Архустын ТМС, 1974-1980 онд Мосвка хотод Уулын дээд сургуулийг, 1992 онд Удирдлагын хөгжлийн институтийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1971-1974 онд Налайхын нүүрсний уурхайд бэхэлгээчин, малтагч, 1980-1997 онд Багануурын нүүрсний уурхайд эдийн засагч, удирдлага зохион байгуулалтын инженер, уулын нэгдүгээр хэсгийн дарга, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга, уулын нэгдсэн үйлдвэрийн орлогч дарга, 1997 оноос “Шивээ-Овоо” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Түүний захирлаар ажилласан хугацаанд тус уурхайн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, сахилга дэг журам сайжирч, хөрс хуулалт, нүүрс олборлолт өсөж, компани хөл дээрээ тогтжээ. Тэрээр 1986 онд ЗХУ-ын нүүрсний уурхайн яамны “Уурхайчдын алдар” 3-р зэргийн одон шагнуулснаас хойш МХЗЭ-ийн төв хорооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, 1990 онд Тэргүүний уурхайчин цол тэмдэг, 1991 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1993 онд “Алтан гадас” одон, 2001 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, 2006 онд Монгол улсын “Гавъяат уурхайчин” гэдэг эрхэм нэр хүндтэй алдрыг хүртжээ.

Монгол улсын “Гавъяат дасгалжуулагч” Л. Цэдэнсодном

Лувсандоржийн Цэдэнсодном 1960 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 1985 онд УБДС-ийн Биеийн тамирын дасгалжуулагчийн ангийг төгссөн. 1989 онд гар бөмбөгийн дасгалжуулагчийн дээд курсийг төгсөж, 1992 онд гүнзгийрүүлсэн сургалттай ангийн дасгалжуулагч багшаар ажиллаж байгаад тус оноос Говьсүмбэр аймагтай ажил амьдралаа холбож сургуулиудаар явж багш сурагчидтай уулзаж сонгон шалгаруулалт хийснээр, 3 насны хэсэг хүүхдийг сонгон авч секц хичээллүүлж эхэлжээ. Ийнхүү 1993 оноос Говьсүмбэр аймгийнхан улсын чанартай тэмцээн уралдаанд орж эхэлсэн. Түүний бэлтгэсэн тамирчдаас олон улсын мастер, спортын мастер, спортын дэд мастерын зэрэгтэй олон арван тамирчид төрөн гарсан билээ. Түүний бэлтгэсэн шавь нар 1995 оноос өнөөг хүртэл УАШТэмцээнүүдэд тогтмол медальт байр болон шагналт байранд шалгарсан амжилт үзүүлсээр байна. Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүн, гар бөмбөгийн спортын мастер зэрэгтэй. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж 2004 оны Монгол улсын “Манлай дасгалжуулагч”, 1998 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2005 онд “Алтан гадас” одон, 2010 онд Монгол улсын “Гавъяат дасгалжуулагч” цол, аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдэг хүртсэн. Одоо аймгийн Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байна.

Монгол улсын “Гавъяат багш” С.Оросоо

Сүхийн Оросоо 1951 онд Дорноговь аймгийн Өргөн сумын Дэрсэн ус гэдэг газар төржээ. 1969 онд Дорноговь аймгийн төвийн 10 жил, 1986 онд УБДС-ийн ЕТХ-ийн багшийн ангийг, 1989 онд улс төрийн дээд курсийг тус тус төгсчээ. 1975 оноос одоог хүртэл Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1, 2-р сургууль тасралтгүй 37 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Монголын багш нарын 4-р их хурал, Монголын шинийг санаачлагчдын 3 дугаар их хуралд төлөөлөгчөөр шалгаран оролцож байсан. Боловсролын байгууллагад ажилласан нийт хугацаандаа сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх авъяас чадварыг хөгжүүлж тэдний сурах бүтээх, шинийг сэдэж санаачлах үйлсэд тодорхой хувь нэмэр оруулж олон арван сурагчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулж 5 алт, 24 мөнгө, 41 хүрэл медаль хүртжээ. Шавь сурагчидтайгаа хамт ШБОС 1984, 1986, 1988 онуудад улсын үзэсгэлэнд аймгаасаа бүтээлээрээ шалгаран оролцож ШБОС 86 үзэсгэлэнгээс 3-р байрын шагнал, ШБОС 88 үзэсгэлэнгээс 4-р байранд тус тус шалгарч байжээ. Түүний бэлтгэсэн шавь нар нь зохиогчдын хооронд робот зохион бүтээх өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “Робокон” уралдаанд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж, “Гран при” шагнал, алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн. Мөн олон улсын тэмцээнд ч амжилттай оролцож байна. Тухайлбал: “Робокон” тэмцээнээс 2003, 2004 оны мөнгө, 2005 онд алт, 2006 онд хүрэл, 2008 онд “Гран при” шагнал тус тус хүртсэн. Мөн Турк улсад болсон “E-biko-2008” олон улсын олимпиадад шавь Б.Батзаяа нь хүрэл медаль хүртэж Монгол улсынхаа нэрийг гаргасан. Багш С.Оросоогийн 20 гаруй жилийн бүтээл оновчтой санал нь Оюуны өмчийн газраар баталгаажсан. Ардын боловсролын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, Ардын боловсролын 80 жилийн ойн медаль, “Багшийн алдар” медаль, Ардын боловсролын яамны Жуух бичиг, сумын хөдөлмөрийн аварга багш, “Хүүхдийн анд” медаль, 2003 оны бүсийн аваргын “Бүтээлч багш” зэрэг шагнал, алдар гавъяаны эзэн болжээ. Тэрээр 2011 онд Монгол улсын “Гавъяат багш” цол хүртсэн.

Монгол Улсын “Хүний гавъяат эмч” Я.Минжүүр

Я.Минжүүр нь 1952 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн. Халх, малчин гаралтай, ам бүл – 5,эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Я.Минжүүр нь 1970 онд бүрэн дунд сургууль, 1972-1975 онд цэргийн алба хааж, Ротын ариун цэврийн зааварлагч, 1979 онд Анагаах Ухааны Дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1979 онд сэхээн амьдруулах- эрчимт эмчилгээний болон мэдээгүйжүүлэг, нойрсуулагч эмчийн олгох курс,  1982 онд Зөвлөлт холбоот улсын Эрхүү хотод, 1988 онд УБ хотод  мэргэжил дээшлүүлсэн.1979 -1992 онуудад Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт нойрсуулагч эмчээр, 1992-1994 онд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт нойрсуулагч – сэхээний эмчээр, 1994 оноос одоог хүртэл Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт нойрсуулагч – сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж байгаа. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө хөдөө орон нутагт тасралтгүй 36 жил ажиллаж, унтуулгын хүндрэл гаргаагүй, сэхээн – амьдруулах эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг оновчтой чанар, хүртээмжтэй хүргэж байна. Я.Минжүүр нь ажилдаа шинэ арга барил нэвтрүүлэн мэдээ алдуулалтын шинэ арга төрлийг нэмэгдүүлэн мэс ажилбар хийж эдгэрсэн хүний тоо 900 гаруй, амбулаториор болон дуудлагаар үзэж үйлчилсэн үйлчлүүлэгчийн тоо 10000 гаруй болоод байна. Нарийн мэргэжлийн бусад эмч нарыг орлон ажиллах чадвартай Тухайлбал: Төрөх- эмэгтэйчүүд, хүүхэд, хавдар, мэс заслын амбулаторийн тусламжийг бүрэн дүүрэн үзүүлж, мэргэжлийн эмчийг орлон хөрвөн ажиллах ажлын ур чадвар, дадлага туршлагатай. Говьсүмбэр аймаг байгуулагдсан үеэс аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ – нойрсуулагч эмчээр одоог хүртэл ажиллаж байна. Я.Минжүүр нь төлөв даруу зантай, ажилч хичээнгүй, хариуцлагатай, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа нарийн тооцоотой, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь сайн гүйцэтгэдэг, хамт олондоо нэр хүндтэй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй баримталж ажилладаг манай тэргүүний ахмад эмчийн нэг юм. Я.Минжүүр нь хөдөө орон нутагт олон жил тогтвор суурьшилтай, идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллаж хамт олон, үйлчлүүлэгчдийн талархалыг зүй ёсоор хүлээсэн эмч билээ. Я.Минжүүрийн ажлын амжилтыг үнэлж 1986 онд Өвөрхангай аймгийн “Аварга эмч”цол, баярын бичиг, 1990 онд 7 ба 8 дугаар 5 жилийн гавшгайч цол тэмдэг, 2002 онд Говьсүмбэр аймгийн”Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2003 онд Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”, 2006 онд Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2007 онд “Алтан гадас” одон, 2014 онд “Хүний гавьяат эмч” цолоор тус тус шагнасан.

Монгол Улсын “Гавъяат уурхайчин” Г.Даваасүрэн

Галбадрахын Даваасүрэн нь 1963 онд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрж бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. 1971-1981 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн сургууль, 1984-1985 онд ЗХУ-ын Башкир хотноо уул уурхайн ТМС-ийг цахилгаан тоног төхөөрөмж засварчин мэргэжлээр, 1993 онд Шарын голын уурхайн дэргэдэх сургалтын төвд 4  сар суралцан цахилгаан экскаваторын туслах машинч мэргэжлээр тус тус төгссөн. 1985-1990 онд Дундговь аймгийн Цагаан-Овоогийн уурхайд цахилгаан засварчнаар орж ажиллан хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1990-1992 онд Тэвшийн уурхайд Цахилгаанчин, сантехикчээр, 1992-1996 онд Шивээ-Овоо ХК-д цахилгаанчин, уурын зуухны слесарь, экскаваторын туслах машинч, 1996-2000 онд экскаваторын машинч, 2000 оноос машин бригадын ахлагчаар ажиллаж байна. 2001, 2003 онд компанийн “Ажил мэргэжлийн аварга, 2002 онд Шивээговь сумын “Тэргүүний ажилтан”, 2004 онд Говьсүмбэр аймгийн “Тэргүүний ажилтан”, 2006 онд Монгол Улсын “Тэргүүний уурхайчин”, 2009 онд үйлдвэрийн ажил мэргэжлийн аварга, 2010 онд “Алтан гадас” одон, 2013 онд Монгол Улсын “Гавъяат уурхайчин” цол, тэмдэгээр тус тус шагнагджээ.

Монгол улсын “Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан” Н.Лувсангомбо

Н.Лувсангомбо  нь 1950 онд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг, Оцол Сансар уулынхаа хойно “Ар хөтөл” хэмээх газар ард Нямын 5 дугаар хүү болон мэндэлсэн. 1958-1965 онд Чойрын 7 жилийн дунд сургууль , 1969 онд Дархан хотын 10 жилийн дунд сургууль, 1982-1987 онд Политехникийн дээд сургуулийг Дулааны инженер мэргэжлээр төгссөн. 1998 онд Удирдлагын академийг “Удирдлага арга зүй зохион байгуулах” мэргэжлээр төгсч, 1998 онд Техникийн ухааны магистрын зэрэг, 2011 онд Монгол Улсын Зөвлөх инженерийн зэрэг хамгаалсан. 1976 оноос “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХКомпанид байцаагч, техникч, мастер, инженер, ахлах инженер, алба болон хэлтсийн даргаар ажилласан. Байгууллагынхаа төлөвлөгөөт зорилтуудыг ханган биелүүлэхэд анхаарлаа хандуулж 2000-2012 онд шугам тоноглолын их болон урсгал засварыг хугацаанаас нь 1-5 хоногийн өмнө чанар сайтай хийж, борлуулалтын орлогыг дээрх хугацаанд жил бүр 60-80 сая төгрөгөөр нэмэгдүүлэн, нийслэлийн иргэд, оршин суугчдыг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах ажил үйлсэд өөрийн удирдсан хамт олны идэвх санаачлага, оюун ухаан, хүч анхаарлыг төвлөрүүлэн ажилласан. Өөрийн хариуцсан цех, албадын хамт олныг удирдан, халаалтын улиралд дулааны шугам тоноглолд гарч болзошгүй гэмтлүүдийг урьдчилан илрүүлэх олон аргуудыг санаачлан хэрэгжүүлснээр холбогдох зардлуудыг тодорхой хувиар бууруулж, илэрсэн гэмтлийг цаг алдалгүй засч, шугамыг хэвийн ажиллагаанд оруулахын зэрэгцээ ажилчдаа аваар сааталгүй, аюулгүй ажиллахад зааж сургаж ирсэн. Мөн шинэ залуу инженер, техникийн ажилчдад өөрийн туршлага мэдлэгээ харамгүй хуваалцан, 1987-2014 оны хооронд 30 гаруй инженер техникийн ажилчид, 50 гаруй слесариудыг мэргэжлийн ур чадвартай ажилтан болоход дагалдуулан сургаж, туслалцаа үзүүлэн ажилласан. Улаанбаатар хотын дулааны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол инженерүүдийн санаачлагаар 2003-2004 онд хийгдсэн ф1000 мм-ийн голчтой 6,1 км хос дулааны шугам хоолойг барьж байгуулах ажилд техникийн хяналт тавьж, ашиглалтад оруулах техникийн комиссыг удирдан зохион байгуулан ажиллаж, шугамыг амжилттай ажиллагаанд оруулсан нь өнөөг хүртэл үр өгөөжөө өгсөн дулаан хангамжийн шинэ үеийн бүтээн босголтын ажилд оруулсан томоохон хувь нэмэр билээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нарын байрладаг Их тэнгэрийн аман дахь төрийн тусгай зориулалтын байруудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилд хяналт тавьж, амжилттай хүлээлгэн өгч, үр дүнтэй ажилласан. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХКомпанийн хөдөлмөрийн хамт олон дунд 40 гаруй жил ажилласан дээрх он жилүүдэд эрчим хүчний салбарын ажил, түүний дотроос төвлөрсөн дулаан хангамжийг эрхлэх ажил гэдэг ямар нарийн төвөгтэй, хариуцлагатайг ойлгон мэдэрч, нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийг хөгжүүлэх, найдвартай ажиллагааг дээшлүүлж хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах ариун үйлсэд өөрийн мэдлэг оюун, ур чадвараа зориулан ажиллаж ирсэн. Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийг хөгжүүлэх, найдвартай ажиллагааг дээшлүүлж, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй хангахад мэдлэг чадвараа дайчлан ажилласныг Төр засгаас өндрөөр үнэлж Эрчим хүчний тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан. Мөн 2015 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан цолоор шагнагдсан.