Аймгийн бэлэгдэл

Лого

Гурван уулыг бэллэн зогсож буй Шар арслан нь аймгийн бэлгэдэл юм. Шаргал талын дундаас цэлмэг тэнгэр өөд зүмбэрлэн харагдах хөхөмдөг гурван уулын дүрээр чандмань эрдэнийг төлөөлүүлж эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн өнгөнд ард олны аж амьдрал “Есөн Эрдэнэ”-ээр бялхаж байхын өлзий дэмбэрэлийг харуулсан. Нар сар нь орчлон мөнхийн бэлгэдэл агаад Говьсүмбэрчүүдийг үргэлж мандан бадрахыг илэрхийлнэ. Бэлгэдлийн голд “Чойр” гэсэн үгийг худам Монгол бичгээр сүүн цагаан өнгөөр бичсэн нь “Таван ухааны төв” байсан хийгээд уламжлал, нутгийн ард түмний сэтгэлийг бэлгэдэнэ. Арслан нь эрдэнийн хүзүүвчтэй байгаа нь эзэнтэйн тэмдэг юм.

Туг

Аймгийн туг нь 1:2 харьцаатай байна. Тод ногоон дэвсгэр дээр гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дундах хэсэгт тэнгэрийн хөх өнгөөр дэвсгэрлэж “Гурван уул”, “Нар”, “Сар” байрлуулна. Тугны ногоон өнгө нь шимт ертөнцийг дүрслэх бөгөөд гурван уул нь нутгийн уулсын сүрээр чандмань эрдэнийг төлөөлж эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн өнгөнд ард олны аж төрөл Есөн эрдэнээр бялхаж байхын өлзий дэмбэрэлийг харуулна. Нар, сар нь орчлон мөнхийг билэгдэж Говьсүмбэрийн үргэлж мандан бадрахыг илэрхийлнэ.