Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаль орчныг хамгаалах бодлогын хүрээнд тусгагдсан Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг аймгийн 2019 оны байгаль хамгаалах арга хэмжээний зардлаас 18 сая төгрөгийн санхүүжилтээр “Чойрын Богд” уулын Улсын тусгай хамгаалалттай газар болон түүний орчны бүс нутагт 50 толгой Монгол тарвагаар бүл нэмэн, цус сэлбэх арга хэмжээг зохион байгууллаа.
Анх 2017 онд Монгол улсын Байгаль орчны гавьяат ажилтан С.Дамдинсүрэн тэргүүнтэй “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” Мэргэжлийн байгууллага өөрөө санаачлан хөрөнгө босгож “Чойрын Богд” уулын улсын тусгай хамгаалалттай газар болон түүний орчны бүс нутагт 20 толгой тарвага авчран нутагшуулах ажлыг хийсэн билээ.
Энэ удаагийн Монгол тарвага сэргээн нутагшуулах ажилд аймгийн удирдлагууд, Монгол улсын Байгаль орчны гавьяат ажилтан С.Дамдинсүрэн тэргүүнтэй “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”, “Авралын эрэлд” ХХК, аймгийн БОАЖГ болон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Аймгийн Засаг дарга Г.Батсуурь “Уг ажлыг эхлүүлэх зам шулуун дардан байгаагүй бөгөөд орон нутгийн удирдлагын зүгээс 2 жил гаруй хугацаанд идэвхтэй хөөцөлдөж, холбогдох яам тамгын газруудад хүсэлт тавьж, орон нутгийн төсөвт удаа дараалан хөрөнгө мөнгийг нь тусган байж хийж байгаа ажил гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ жил Боржин түмний голомт болсон Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 25 жилийн ойтой таширлуулан төвийн бүсийн хурдан морьдын уралдаан Боржигин 2019 наадам тохиосон билээгшээлт сайхан жил болж байгаа бөгөөд тэнгэр хангай хүртэл ивээж бороо хураа харамгүй хайрлан буй дэлгэр сайхан зуны эхлэлтэй зэрэгцэн нутаг оронд маань ирж байгаа эдгээр амьтдад маань уул ус нь ивээлээ хайрлан, улс олон нь хүрээлэн хамгаалж, тоо толгой арвай буудай мэт үржин өсөх болтугай” хэмээн ерөөл өргөлөө.