ХХАХҮ-ийн яамнаас орон нутгийн нөөц баялаг, түүхий эдийг зүй зохистой ашиглан соёл, уламжлалыг хадгалсан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн, импорт орлохуйц экспортын барааны нэр төрлийг олшруулж, Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд сурталчлах, таниулах зорилгоор “Нэг суурин-Нэг бахархал” аяныг аймгийн хэмжээнд 2018 оны 12-р сарын 04-өөс өрнүүлж эхлээд байна.
Энэхүү аяны үйл ажиллагааг нээж, аймгийн ЗДТГ, ХХААГ-аас “Брэндийг бий болгох, хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн туршлага солилцох арга хэмжээ болж, аяны нээлтэд 80 гаруй иргэд оролцож, 12 бизнес эрхлэгч 8 төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа. Сургалтаар Засгийн Газрын 2005-2008 онд хэрэгжүүлсэн “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн ололт амжилтын талаар ярилцаж, брэндийн талаар ойлголт мэдлэгээ сэргээж, богино хугацаанд олон шинэ санаа цуглуулж, шинэлэг шийдэл гаргах дизайн сэтгэлгээний аргачлалын талаар мэдлэг ойлголтыг өгсөн юм.