Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 6 дахь жилдээ Монгол улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлж, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлон өрсөлдөх чадварын судалгааны тайланг гаргажээ.
Өнгөрсөн жилүүдийн тайлангуудаас харахад аймгуудын өрсөлдөх чадварын оноо урт хугацаандаа өсч байгаа боловч 2017 оны хувьд онооны дундаж 70-65 болж буурсан байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өрсөлдөх чадварын ерөнхий оноогоор Дорнод аймаг 6 оноогоор, Өвөрхангай аймаг 1 оноогоор, Говьсүмбэр аймаг 1 оноогоор тус тус ахиулсан бол Сүхбаатар аймаг 15, Ховд аймаг 13, Өмнөговь аймаг 10 оноогоор тус тус буурчээ.
Сүхбаатар аймгийн өрсөлдөх чадварын оноо хамгийн ихээр буурсан бөгөөд үүнд барилгын ажил буурсан, хувиараа бизнес эрхлэх боломж муудсан, аймгийн удирдлагын ил тод байдал буурсан, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсэн зэрэг нөлөөлжээ.
Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлдэг ажээ.