Говьсүмбэр аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Жаргалтай инээмсэглэл” шинэ жилийн цэнгүүн 2017 оны 12 дугаар сар 24-ны өдөр боллоо.
Жаргалтай инээмсэглэл шинэ жилийн цэнгүүнийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрууд хамтран зохион байгууллаа.
Мөн “Жаргалтай инээмсэглэл” цэнгүүний үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг нар болон аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Ахмадын хороо, Улаан загалмайн хороо, Биеийн тамир спортын газар, Боржигон чуулгын хамт олон, Төрийн банк, Хаан банкны хамт олон уг арга хэмжээг дэмжин хамтран ажилласан байна.
Цэнгүүний үеэр гэр ахуйн цахилгаан бараа, бэлэг дурсгалын зүйл тэргүүтэй олон нэр төрлийн шагналын сантай сугалаагаар оны азтангуудыг шалгаруулж ахмад настангууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ шинэ жилийн аз хийморийг мялааж ирэх ондоо ажил үйлс амьдрал ахуй нь өөдрөг байхыг билэгдсэн байна.
Аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урам зориг, сэтгэлийн дэмжлэг үзүүлж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмадуудаараа бахархсан шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагаа дуу хуур, бүжиг наадам, шагнал урамшуулал, инээд хөөрөөр бялхсаар өндөрлөлөө.