ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Г.Батсуурь: Хөгжлийг дан ганц аймаг, хотоор харж болохгүй

zasag-darga Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Цаг үеийн байдалтай холбогдуулж ярилцлагаа эхэлье. Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаад байна вэ?

 

-Манай аймагт хонин толгойд шилжүүлснээр нийт 573 мянган толгой мал өвөлжинө. Энэ онд өвс, тэжээлийн нөөцийг Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу бэлтгэсэн бөгөөд өмнөх оны үлдэгдэлтэй нийлээд 441.6 тонн өвс, 98 тонн тэжээл бэлтгээд байна. Мөн малчдын дунд хадлан тэжээл, худаг засварлах болзолт уралдааныг зохион байгуулж, малчдын өвөлд бэлтгэх идэвх, санаачилгыг нэмэгдүүлж ажиллалаа. Түүнчлэн уурын зуухнууд маань аравдугаар сарын 01-ээс халаалтаа өгч эхэлсэн. Одоогоор уурын зуухны үйл ажиллагаа жигдрээд байна. Уурын зуухнууд маань 14-өөс дээш хоногоор тооцож, нүүрсний нөөцөө бүрдүүлдэг. Үүнээс гадна “Найрамдал” хотхоны айл өрх, албан байгууллагуудыг халаалтаар хангадаг ганц байгууллага нь “Ус-Ду” ОНӨААТҮГ юм. 2012 оноос хойш уурын зууханд хөрөнгө оруулалт хийгдээгүйн улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зуухнуудын хэвийн ажиллагаа доголдож, ихээхэн хүндрэл гардаг байсан. Үүнтэй холбогдуулан энэ жил долоон МВт-ын хүчин чадалтай хоёр уурын зуухны өргөтгөлийн ажил хийгдэж, дуусах шатандаа ороод байна. Ингэснээр “Найрамдал” хотхоны айл өрхүүд маань дулаан өвөлжих бололцоо бүрдэж байгаа юм. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн байрнуудын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийж дууслаа. Ерөнхийдөө аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагдаад байна.

 

-Өнгөрсөн жил бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хийгдэх шиг боллоо. Тухайлбал, ямар ажлууд хийгдэв?

 

-2017 онд аймгийн хэмжээнд 3.2 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. Эрүүл мэнд, боловсролын салбарт улсын төсвийн 571 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засварын зургаан ажил, аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, Авто замын сан, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал, сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр нийт 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. Ерөнхийдөө нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, авто зам, явган зам, гэрэлтүүлэг, байрны фасад засвар, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн их засварын ажлуудыг түлхүү хийлээ. Учир нь ард иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, эрүүл аюулгүй нийгэмд амьдрах боломжийг олгоход нэлээд анхаарч ажилласан гэж хэлж болно. Мөн аймгийн төвийг теле камерын системд холбох ажлыг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 217 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж, ашиглалтад хүлээн авсан. Энэ хүрээнд нийтдээ 50 гаруй цэгийг камержуулсан. Энэ нь нийтийн эзэмшлийн барилга байгууламж, гудамж талбайн эд хөрөнгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийн явцыг сайжруулах зэрэг ач холбогдол өндөртэй, үр дүнтэй ажил боллоо. Мөн Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс төсөл”-ийн хүрээнд V сургуулийн дотуур байрны их засварын ажлыг 168.1 сая төгрөгийн санхүүжилтээр хийж, гүйцэтгэлээ.

 

-Улс бүсийн чанартай уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал гээд онцлох үйл явдал ихтэй, бас хөлтэй байна шүү, танай аймаг?

 

-Тийм ээ. Ойрын өдрүүдэд манай аймагт нэлээд олон ажил зохион байгуулагдаж байгаа. Тодруулбал, “Боржигин  морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хурал боллоо. Мөн Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдааныг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-ын соёлын өвийнхөн, Боржигин судлалын төв, таван аймгийн Боржигины 17 сумын төлөөлөл хүрэлцэн ирж, өргөн дэлгэр хуралдлаа. Уртын дуу, морин хуурын бүсийн уралдаанд мөн 17 сумын 80 гаруй уртын дууч, морин хуурч ардын авъяастан, өсвөрийн багачууд хүрэлцэн ирж, оролцлоо. Үүнээс гадна энэ сарын 05-ны өдрөөс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэнгийн нэрэмжит волейболын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд оролцохоор нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 81 багийн 970 гаруй хүүхэд хүрэлцэн ирж байрлаад байна.

 

-Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Говьсүмбэр аймаг дундаж үзүүлэлттэй байсан. Тэгэхээр орон нутгийн удирдлагын зүгээс өрсөлдөх чадвараа сайжруулах чиглэлд ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

 

-Манай аймаг өнгөрсөн жилд өрсөлдөх чадварын үзүүлэлтээс хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт нэлээд доогуур орсон. Сүүлийн жилүүдэд эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой ажлын байр нэлээд хумигдсан. Бидний зүгээс орон нутагт хөдөлмөрийн зах зээлийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байр бий болгох бодлогыг барьж, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгасан ч ажлын байр төдийлөн нэмэгдэхгүй байна. Хөрш зэргэлдээ Даланжаргалан суманд байгуулагдсан цементийн үйлдвэртэй орон нутгийн төвшинд хамтран ажиллаж, нээлттэй ажлын байр өдөрлөгийг зохион байгуулж, орон нутгийн залуучуудыг ажлын байраар хангасан. Орон нутагтаа үйлдвэржилтийн бодлого барьж ажиллаж байна. Ер нь манай аймаг дэд бүтэц сайтай хөгжих бүрэн боломжтой аймгийн хувьд үйлдвэржилтийн бодлогыг зөв чиглүүлвэл ажлын байр бий болж, иргэдийн амьжиргааны төвшин нэмэгдэх бүрэн боломжтой.

 

Аймаг бүр хөгжлийн хэтийн зорилгоо тодорхойлсон байгаа. Говьсүмбэр аймаг аль салбарт түшиглэн хөгжих зорилт тавиад байна вэ. Орон нутаг бүр өөрийн давуу талдаа түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж яриад байгаа шүү дээ. Танай аймагт үйлдвэрлэл хөгжих ямар боломж, нөөц байна вэ?

 

-Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг ИТХ-ын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна. Манай аймаг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлж, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Тэгэхдээ Монгол гэж нэг улс, нэг дээвэр дор бид амьдарч байгаа учраас аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдаа холбоог нэгтгэж, хэн нь юуг хамгийн сайн хийж чадахаа тодорхойлох хэрэгтэй гэж боддог. Тиймээс манай аймаг нь газарзүйн байршил, дэд бүтцийн давуу байдлаа түшиглэн дээр дурьдсан салбаруудыг түрүүлж хөгжүүлэхээр зорьж байна. Бид хөгжлийг дан ганц аймаг, хотоор харж болохгүй цаг үед амьдарч байна. Хөрш орон, гадны зах зээлийн тухайд яривал төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо хамгийн түрүүнд шаардагдана. Энэ бүхний боломжит цэг нь Говьсүмбэр аймаг. Өөрөөр хэлбэл, манай аймгийг тээвэр ложистикийн төв болгох боломж бий. Мэдээж чөлөөт эдийн засагтай улсын хувьд манай аймагт баялаг бүтээе гэж байгаа хүнд зээл тусламж, газрын бодлогоор дэмжиж ажиллах болно. Үүний зэрэгцээ хариуцлага гэдэг зүйлийг сайтар шаардана.

 

Ерөнхийдөө аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх юм байна. Аймгийнхаа гайхамшигт газруудаар аялуулах нь танай брэнд болох нь ээ дээ?

 

-Тэгэлгүй яах вэ. Боржигин өв соёл, Чойрын богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг 2016 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн 74 тогтоолоор баталсан. Үүний хүрээнд Зүүн Чойрын хийдийн туурийг сэргээх зураг, төсвийг боловсруулах, байгаль, түүхийн өв соёлуудыг таниулах арга хэмжээнүүдийг авч эхэлж байна. Аймгийн байгалийн болон түүх соёлын дурсгалт газруудыг тохижуулах ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байгаа. Мөн жуулчны бааз, цогцолбор байгуулах санал санаачилгыг газрын бодлогоор дэмжин хоёр га талбайг газрын төсөл сонгон шалгаруулах зарчмаар зарлаж, хоёр хуулийн этгээдэд газрын гэрчилгээ олгоод байна. Ингэснээр стандартад нийцсэн жуулчны бааз, цогцолбор бий болж дотоод, гадаадын жуулчдыг хүлээн авч тусгай сонирхлын аялал, байгаль, шашин мөргөлийн зэрэг аяллын брэнд бүтээгдэхүүн үйлчилгээтэй болох таатай орчин бүрдэх юм. Үүнийг дагаад аймгийн худалдаа үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах, ашиг олох, амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой.

 

-Танай аймгийн хувьд бусад аймагтай харьцуулахад шилжилт хөдөлгөөн харьцангуй бага байдаг юм шиг санагдсан. Ер нь хүн амын тогтвортой оршин суух нөхцөл боломж хэр хангагдсан бэ?

 

-Аймгийн төвийн айл өрхийн 60 гаруй хувь нь ариутгах татуурга, төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон. Харилцаа холбоо, дэд бүтэц сайн хөгжсөн. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай авто зам, төмөр зам дамжин өнгөрдөг, нийслэлээс 210 км зайд буюу гурван цагийн хугацаанд зорчдог гэх мэт давуу тал олонтой. Мөн БНХАУ болон манай улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу “Шивээ Овоо” ХК-ийн нүүрсний уурхайд түшиглэн 20 мянган байнгын ажлын байрыг бий болгох “Шивээ энержи” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна. Уг төсөл хэрэгжээд эхэлчихвэл манай аймгийн хүн амын тоо, шилжин ирэх иргэдийн тоо эрс нэмэгдэнэ. Хүн дагаж хөгжил гэдэг шүү дээ.

 

-Олон улсын төсөл, хөтөлбөр хэр хэрэгжиж байна вэ?

 

-Манай аймагт сүүлийн гурван жил дараалан “Өвсний үндэс” төслийн хүрээнд 331.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. Мөн Тогтвортой амьжиргаа-3 төсөл Шивээговь, Сүмбэр суманд хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд манай аймгийн эрүүл мэндийн салбарт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь” дэд төсөл амжилттай хэрэгжлээ. Төслийн явцад аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвөөс иргэд, үйлчлүүлэгчдэд үзүүлж буй эмчилгээ, үйлчилгээ ямар төвшинд хүрч байгаа, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн харьцаа хандлага зэргийг “Иргэдийн онооны карт”-аар үнэлэх судалгаа хийгдсэн. Энэ мэтчилэн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг.

 

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ажлын байр шинээр бий болгох, улмаар өрхийн амьжиргаа сайжрах гарцуудын нэг. Танай аймгийн хувьд зэргэлдээх зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж хэр байдаг вэ?

 

-Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр халамжийн чиглэлийн сангийн зэрэг зээлийг олгож ирсэн. Ажлын байрыг бий болгох, иргэд орлогын эх үүсвэртэй болох гэдэг утгаараа зээлийн асуудал их чухал. Ямар зам талбай, ямар орчинд амьдрах нь чухал хэдий ч ямар хэмжээний цалин, орлоготой байх нь иргэдэд илүү чухал анхдагч хэрэгцээ юм. Өнгөрсөн болоод өнөөдрийн дүр зураг бидний ихэнх хувь нь зөвхөн худалдан авагч болон амьдарч байна. Хийгдэж байгаа ажил, худалдан авч байгаа бараа, бүтээгдэхүүнээс өөрсдөө бүтээж байгаа нь туйлын хангалтгүй байна. Тиймээс энэ төрөөс олгогдож байгаа зээлийг олгох тухайд орон нутгийн онцлог нөхцөлд тохирсон эрэлт, хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнийг хийх, бүтээх чиглэлд анхаарч 2017 оны тавдугаар сард жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлээ тогтоосон. Өнөөдрийн байдлаар манай аймагт тахианы эх сүрэг бэлтгэх үйлдвэр, ган бөмбөлөгийн үйлдвэр, ноос, ноолуур угааж, самнах үйлдвэр гээд хэд хэдэн томоохон үйлдвэр байна. Түүнчлэн аймгийн хувьд бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх, түгээх талд давуу тал бий. Үүнээс гадна иргэд маань төслийн дагуу ажлаа хийгээгүй, зориулалтын дагуу зарцуулаагүй мөн зээлээ цаг хугацаандаа төлдөггүй гэх асуудлууд байдаг. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд төлбөрөө цаг хугацаанд нь төлөөд дараагийн хүмүүстээ боломж олгоод явбал жижиг дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжих боломжтой. Гэхдээ бид зээл олголтыг түр хугацаагаар зогсоож, өр барагдуулах арга хэмжээг авч, хөрөнгөө төвлөрүүлснээр зээлээ дахин олгож байна. Сумын удирдлагууд маань ч шат шатандаа арга хэмжээ авч, өр барагдуулаагүй иргэдийг шүүхээр шийдвэрлүүлж байна.

 

-Танайх харьцангуй уул уурхай багатай аймаг. Тэгэхдээ карьерууд үйл ажиллагаа явуулж байна уу?

 

-Тийм ээ, манай аймаг харьцангуй уул уурхай багатай. Ашигт малтмалын ашиглалтын 12, хайгуулын найман тусгай зөвшөөрөл байдаг. Үүнээс идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь “Шивээ Овоо” ХК-ийн хүрэн нүүрсний уурхай.

-Цаашдаа ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ер нь Орон нутгийн хөгжлийн сан болоод орон нутагт төсөв хэр хуваарилагдах шинжтэй байна. Төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх боломж байна уу?

-УИХ-д өргөн барьсан 2018 оны нэгдсэн төсвийн төсөлд манай аймгийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн  орлогын шилжүүлэг 644.9 сая төгрөг буюу өмнөх оныхоос хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна. Бид Сангийн сайд, Ерөнхий сайдад ОНХС-ийн шилжүүлгийг нэмэгдүүлэх талаар албан хүсэлтээ явуулчихаад байна. Аймагт хуваарилагдах санхүүжилт дээрх дүнгээр батлагдвал үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийхэд хүндрэлтэй болно.

-Орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн хэр анхаарал тавьж байна. Тойрогтоо ер нь ажиллаж байна уу?

-Манай аймгаас УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг сонгогдсон. Ерөнхийдөө тойрогтоо маш их анхаарал тавьдаг. Тухайлбал, боржигин өв соёлыг дэмжих, дэлгэрүүлэхэд чиглэсэн ажлуудыг дэмжин ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын ажил байдалтай танилцаж, пургон машин авч өгсөн. БСШУСЯ-аас зохион байгуулсан төслийн уралдаанд шалгарсан багуудын батламж, сургалтын хэрэглэгдэхүүн олгох, анги танхим тохижуулах нийт төслүүдийн батламжуудыг олгуулсан. “Шивээ овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлүүллээ. Каракул хонины аж ахуйг дахин сэргээхээр болсон гэх мэтчилэн орон нутагтаа хандсан нэлээд ажлуудыг хийж эхлүүлээд байгаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us