ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Боржигинчууд чуулав

erdem-shinjilgeenii-hural-2-696x464XII зууны үед Монголын тал хээрийн зүүн хойд хэсгээр нутаглаж байсан монгол аймгуудын нэг хүчирхэг овог нь Бодончар үүдэлтэй, Боржигин овог байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Тэдний дундаас Хамаг Монголын хан Хабул зэрэг алдартай хүмүүс төрөн гарч, монгол аймгуудыг захирч ирсэн бөгөөд улмаар Боржигин овгийн Чингис хаан монгол угсаатнуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулсан. Ийм л түүхтэй боржигинчууд эдүгээ уламжлалт өв соёл, зан заншил, уртын дуу, морин хуураа хадгалж үлдэхийн төлөө сэтгэл нэгдэн, чууллаа. “Боржигин морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 03-нд Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын их танхимд боллоо.

Аймгийн “Боржигин өв музей”, ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Боржигин чуулга хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд ЗГХА-Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, ЗДТГ-ын дарга Д.Содном, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, таван аймгийн 17 сум буюу Боржигин сумдын удирдлагууд, Соёлын төвийн төлөөлөл, соёлын биет бус өвийг тээгчид, боржигин судлаачид гээд олон хүн оролцсон юм.

ger-9-696x464

Мөн эрдэм шинжилгээний бага хуралд ЮНЕСКО-ын Монголын үндэсний комиссын Соёлын биет бус өв хариуцсан мэргэжилтэн Ч.Цэцэгбаатар, Соёлын биет өв хариуцсан мэргэжилтэн М.Цэцэнбилэг, Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет бус өвийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Насанжаргал нар урилгаар оролцлоо. Боржигин уртын дуу, морин хуурын уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах арга замыг тодорхойлох, энэхүү соёлын өвийг устаж үгүй болох аюулаас хамгаалах, түүхэн байдлаар нь хадгалж авч үлдэх зорилготой эрдэм шинжилгээний хурлыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж, үг хэллээ.

Тэрбээр “Өнөөдөр бид бүхэн “Боржигин морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хуралд оролцохоор хуран чуулаад байна. Энэ нутгийнхны олон зуун жилийн туршид уламжлан өвлөж ирсэн боржигин найрын дэг жаяг, морин хуурын нэг чавхдас дээр уртын дууг даган уянгалуулдаг боржигин морин хуурч, боржигин уртын дууны шуранхай, Боржигины дархчуудын урласан нэг ч хадаас орохгүйгээр угсардаг боржигин байшингийн технологи зэрэг хаана ч дахин давтагдашгүй соёлын өв, өнөөгийн бидний үеийг хүртэл уламжлан ирсэн.

ger-1-696x464

Ийм учраас аймгийн үе үеийн удирдлагууд Боржигин судлал, Боржигин өв соёл, зан заншлын талаар тасралтгүй анхаарч ирсэн. Өнгөрсөн хугацаанд Боржигин суд­ла­лын төвтэй хамтран багагүй ажлыг амжуулаад байна. Цаашид ч хийж буй ажлаа үргэлжлүүлэх, улам өргөн цар хүрээтэй болгоход анхаарч ажиллахаар төлөвлөн аймгийн бодлогын баримт бичигтээ тусган ажиллаж байна. Эртнээс нааш монголчууд түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил хэмээн хэлэлцсээр ирсэн билээ.

Иймд цаашид ураг удам, түүх, соёл, зан заншлаа улам их гүнзгийрүүлэн судалж, нийт Боржигин овогтон монголчууд, дэлхийн монгол угсаатанд таниулах эрхэм үүрэг бид бүхэнд ногдож байна.

Өмнө зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгүүдээр Боржигин судлал гэсэн нэрийн дор өргөн цар хүрээтэй хуралддаг, ярилцдаг байсан бол бид цаашид улам нарийвчилж тодорхой нэг сэдвүүдээр ярилцаж нэгэн шийдэлд хүрч байх нь зөв юм. Тиймээс энэ удаагийн хуралд Боржигин морин хуур, уртын дууны талаар ярилцаж нэг ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь хэлэхэд орон нутгийн удирдлагуудын зүгээс уг хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажил хэрэг болгох бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэн, та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээсэн юм.

Дараа нь ЗГХА-Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг боржигин түмэндээ хандаж, “Энэ тайзан дээр гарч ирэхэд их сайхан санагдаж байна. Боржигин гэдэг нэр өссөн цагаас минь чихэнд хоногшсон. Би өөрөө Дорноговь аймгийн Иххэт суманд төрж, өссөн. Миний ээж цагаан сараар дөрвөлжин боорцог хийдэг. Засаг даргын хэлсэн хадаасгүй байшинг манайх ардаа байлгадаг.

Түүнээс хойш 2008 оноос энэ сайхан Боржигин нутагт “Боржигин чуулга”-ын даргаар дөрвөн жил ажилласан. Энэ хугацаандаа чадлынхаа хэрээр боржигин дуу хуур, ая данг урын сангийнхаа гол бодлого болгож, улс орон даяар сурталчлахыг хичээж ирсэн. Өнөөдөр энэ тайзан дээр Монгол Улсын ЗГХА Соёл урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн даргын хүрээнд яриад зогсч байгаадаа баяртай байна.

Магадгүй боржигинчуудын, боржигин өв соёлын төлөө аж амьдралаа зориулж явсны маань тодорхой хэмжээний шагнал юм болов уу гэж бодож байна. Боржигин бол аймаг, орон нутаг, бүсчилсэн хөгжлийн бодлогод соёлын өвөө зөвхөн хадгалах, хамгаалах биш цаашдаа эдийн засгийн эргэлтэд оруулах чиг баримжааг ярьдаг болсон энэ цаг үед боржигин уртын дуу, морин хуурын талаар ярьж, эндээс гарсан судалгаа шинжилгээтэй холбогдолтой ажлыг гол зорилгоо болгох байх.

ger-3-696x464

Мөн Говьсүмбэр аймаг боржигины төв байж, боржигин өв соёлоор улсдаа брэнд болж, үүгээрээ дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг маш сайхан ажлууд хийгдэх дүр зураг харагдаж байгаа. Энэ чуулганыг санаачлан, хамтран зохион байгуулж байгаа бүх хүмүүст талархал илэрхийлж байна” гэж хэллээ. Харин Боржигин судлалын төвийн тэргүүн Т.Намжил “Дэлхий даяар ялангуяа хөгжингүй орнууд, хөгшин Европ ёс заншил, соёлын асуудлыг сүүлийн жилүүдэд анхаарч байна. Улс орон, ард түмэн эв нэгдэлтэй, гэр бүл тогтвортой байхын үндэс бол уламжлалт ёс заншил гэдэг дээр санал нэгдэж байна.

Энэ хүрээнд хэдэн жилийн өмнөөс энэхүү эрдэм шинжилгээний хурлыг үүсгэж, тасралтгүй авч яваа Говьсүмбэр аймгийн удирдлагад талархаж байгаагаа илэрхийлье. Тиймээс ч бид нэгэн боржигин овгийн дор нэгдэж, өв уламжлал, ёс заншлаа түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Ингээд эрдэм шинжилгээний хуралд оролцож буй та бүхнийг эргэх дөрвөн цагийн туршид Чойрын богд, Оцол Сансар, Сүмбэр хайрхан уулын маань сахиус ивээлдээ багтаан ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байж, амьдрал ахуй тань үргэлж мөнхөд өөдлөн дэвжихийн ерөөлийг дэвшүүлье” хэмээлээ.

Ийнхүү боржигин түмний өв соёлоо гэсэн чин сэтгэлийн үндсэн дээр явагдсан “Боржигин морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном “Боржигин судлалын чиглэлээр хийгдсэн ажлын товч мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал” сэдвээр илтгэл тавьсан. Үндсэн илтгэлээр Соёлын өвийн төвийн зөвлөх, СУИС-ийн багш С.Юндэнбат “Боржигин өв соёлын уламжлал, Боржигин уртын дуу”, МУГЖ, СУИС-ийн багш Ц.Дэлгэр “Боржигин аялгуут уртын дуу”, Боржигин чуулгын зөвлөх багш, урлагийн гавъяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавъяат зүтгэлтэн Д.Нацагдорж “Боржигин морин хуурын өв уламжлал, цаашид сэргээн хэрэглэх арга зам”, Боржигин өв музейн эрдэм шинжилгээний ажилтан Т.Болдбаатар “Соёлын биет бус өвлөн уламжлагчийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Энэ үеэр илтгэл тавьсан хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

Д.Содном: Боржигин судлалын ажлыг эрчимжүүлэх,
шинэ шатанд гаргах нөхцөлийг бүрдүүлсэн

90081d9d29634b30834a0f6c9bf071f4

 /Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын дарга/

-Боржигин хэмээх нэгэн нэрийн дор харьяалагдаж, өвөг дээдсийнхээ өвлөн үлдээсэн нутагт амьдран сууж буй бид өнөөдөр нэгэн зорилгын дор хуран чуулж байна. Түүхээс товч дурьдахад, 1240 оны цагаан хулгана жил бичигдсэн дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох Монголын нууц товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. “Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

1691 оны хаврын адаг сард Манжийн хаан Энх-Амгалан Монголыг өөрийн харьяат болгож, дөрвөн аймаг долоон хошуу байсныг задаргаж, 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуулагджээ. Говьсүмбэр аймгийн Боржигины түүхтэй холбогдох учрыг авч үзвэл 1691 оноос Сэцэн хан аймгийн Боржигин жанжин бэйлийн хошуу, 1911 оноос Боржигин цэцэн вангийн хошуу, 1923 оноос Оцол Сансар уулын хошуу, 1931 оноос Төв аймгийн Говьсүмбэр сум, 1956 оноос Дорноговь аймгийн Сүмбэр сум хэмээн нэрийдэж явсаар Улсын бага хурлын 1991 оны тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ.

Харин УИХ-ын 1994 оны тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг байгуулагдсан түүхтэй. Ийнхүү боржигин нутгийн зон олны хувьд төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх, боржигинчууд овог үндэсний бахархлаа сэргээх, эцэг өвгөдийнхөө түүх соёлыг өвлүүлэн уламжлуулж, түгээн дэлгэрүүлэх сайхан боломжийг бүрдүүлсэн. Аймаг байгуулагдсан цагаас хойш үе үеийн удирдлагууд боржигин түмнийхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, судлан сурталчлах ажилд анхаарлаа хандуулж ирсэн.

ger-6-696x464

1998 онд Боржигины түүх соёлыг судалдаг хэсэг эрдэмтэн, судлаачид аймгийн удирдлагууд хуралдаж, Боржигин судлалын төвийг байгуулан ажиллуулах болсон нь энэ ажилд түлхэц өгсөн. Тус төв нь “Боржигин судлал” сэтгүүлийг санаачлан, зургаан дугаарыг эрхлэн гаргаж, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэлүүдийг эргэлтэд оруулсан бөгөөд 2014 онд Говьсүмбэр аймагт төвтэй “Боржигин овогтны холбоо” ТББ-ыг байгуулан, хоёр холбоо хамтран “Боржигин овогтон” ном, “Боржигин өв соёл” нэвтрүүлгийг бэлтгэн гаргасан.

“Боржигин өв” музейгээс 2007 онд Боржигин эмээл, 2008 онд Боржигин морин хуур, 2010 онд Боржигин түмний биет бус соёлын өвийг өвлөн уламжлагчийн судалгаа, 2013, 2014 онд Боржигин сумдаар иж бүрэн судалгаа, 2017 онд Боржигин түмний биет бус соёлын өвийг өвлөн уламжлагчийн судалгаа зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ Боржигин өв соёл, Боржигин түмний бахархал, Боржигин морин хуур болон эмээлийн үзэсгэлэнг гаргаж, өв соёлыг сурталчлах ажлуудыг хийсэн. Түүнчлэн Боржигин уртын дуучид, морин хуурчдыг алдаршуулах – Биет бус өв тээгчдийн нэгдсэн тоглолт, Боржигин судлал эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, бага хурал, Боржигин сумдын уулзалт хэлэлцүүлгийг ч зохион байгуулсан.

Үүнээс гадна “Боржигин чуулга”-ынхан маань урын сандаа боржигин соёл, ая данг оруулж, “Боржигин түмний дуулал” театрчилсан бүрэн хэмжээний концерт, “Боржигин нутаг мину” сэдэвчилсэн бүрэн хэмжээний тоглолтыг толилуулж байсны зэрэгцээ гадаад харилцааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-д тоглолтоо хийж, Азийн урлагийн их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон. 1992 онд аймаг байгуулагдсаны нэг жилийн ой буюу анхны Боржигин наадмаар Боржигины бүх сумдын удирдлагууд, уяачид, бөхчүүд, урлаг соёлын ажилтнууд, ардын авьяастнууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй чуулсан.

ger-7-696x464

Мөн Боржигин уртын дууны бүсийн уралдаан, “Боржигины хүүхдүүд” урлагийн наадам, Биет болон биет бус өв тээгчидтэй уулзаж судалгаа хийх зэргээр олон ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Эдгээрээс онцлон дурьдахад, 1992 оноос хойш нийт долоон удаа Боржигин наадмыг зохион байгуулсныг тэмдэглэх хэрэгтэй. Өнөөдөр ч манай аймгийн ЕБС-иуд болон ардын авьяастнууд хүүхэд залуучууддаа боржигин уртын дуу, морин хуурыг өвлүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. Энэ мэтчилэн олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Бүгдийг нь дурьдвал маш их болох учраас энд хүргээд азная. 2013 онд аймгийн Соёл урлагийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, боржигин судлалын чиглэлийн ажлыг эрчимжүүлэх, шинэ шатанд гаргах ажлыг бүрдүүлсэн. 2013-2014 онд Боржигин судлалын төв судлаачидтай хамтран боржигин сумддаа судалгаа хийж, мэдээллийг цуглуулан өргөн агуулгыг багтаасан Боржигин сэцэн вангийн хошууны толь бичгийг гаргасан.

Боржигин чуулгын зөвлөх багш, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавъяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн санаачилгаар боржигин морин хуур, уртын дууг өвлүүлэх, түгээх, дэлгэрүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж, чуулгын уран бүтээлчид, иргэд, хүүхэд залуучуудад сургалт явуулан ажиллаж байна. Боржигин морин хуураар хангах ажлыг аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, одоогоор 93 морин хуурчийг есөн боржигин шанаган хуураар хангаж, сургалтад ашиглаж байна.

Сүмбэр сумын V сургууль “Боржигин соёлоос суралцацгаая” хөтөлбөрийг боловс­руулан хэрэгжүүлж, боржигины түүх соёлыг хүүхэд, багачуудад өвлүүлэх, эх түүхээрээ бахархах, түүнийг өөрсдийн соёлч чадвар болгон хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Соёл урлагийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгагдсаны дагуу боржигины түүх соёл, зан заншилыг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлд та бүхэнтэй хамтран хийж, хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөөд байна.

Үүнд, холбоодтой хамтран судалгаа шинжилгээний ажлыг хийх, эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулах, боржигин морин хуураар хангах ажлыг үргэлжлүүлэх, боржигин уртын дуу, лимбэ, умарзий /гийнгоо/-н сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ger-2-696x464

Түүнчлэн 2019 оны Боржигин наадмаараа 200-аас доошгүй боржигин морин хуурч, уртын дуучдын тоглолтыг хийх, цаашид Улаанбаатар хотод боржигинчуудын өдөрлөгийг зохион байгуулах, боржигин найрын дэг жаягийг түгээн дэлгэрүүлэх, “Боржигин чуулга”-ын урын санг шинэ уран бүтээлээр баяжуулах, аймаг, сумдын Номын сангийн фондыг өргөжүүлэх, аймгийн музей, сумдын орон нутаг судлах танхимын үзмэрийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх гэх мэтчилэн хийх ажил их байна. Үүнээс гадна ТББ-уудад Боржигин голомтот цогцолборыг байгуулах газрыг олгосон. Боржигин сумдынхаа удирдлагуудтай хамтран энэхүү цогцолборыг босгоно гэсэн бодолтой байна.

Аймгийн аялал жуулчлалын маршрутыг батлуулан гаргасны зэрэгцээ цаашид боржигин түмний өв уламжлал, зан заншлыг танилцуулах чиглэлд анхаарч, эко аяллыг зохион байгуулна. Зүүн жанжин чойрын хийдийн дуганыг барьж, музейн үзмэрийн байдлаар бусад сумдаасаа сан хөмрөгийг нь баяжуулах төлөвлөгөөтэй байна. “Боржигин түмний холбоо”-г албан ёсны болгож, судлаачид, сум бүрийн төлөөллийг оролцуулан ажиллуулъя гэсэн саналыг дэвшүүлж байгаа. Энэ арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан УИХ-ын гишүүн Г.Мөнх­цэцэг, аймгийн болон Бор­жигин сумдын удирдлагууд, Бор­жигин судлалын төвийн тэргүүн Т.Намжил, судлаач О.Дагвадорж, орон нутгийн судлаачиддаа, бусад албан байгууллага, соёлын биет болон биет бус өвийг тээгчид та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.

Ц.Дэлгэр: Боржигинчууд маш нарийн дэг журамтай дуулж,
хуурдан найрладаг эртний уламжлалтай ард түмэн

232e275147f44412ae3c43b0fd916718-1

/МУГЖ, СУИС-ийн багш/

-Монголын ард түмэн түүхийн урт хугацаанд олон гайхамшиг бүтээсний нэг нь уртын дуу юм. Монгол ардын уртын дууг дуулах шинж төрхөөр нь баруун, зүүн аймгийн, төв халхын, боржигин, баян бараатын аялгуу гэж ангилан үздэг. Боржигин аялгуут уртын дуу нь монгол ардын уртын дууны бие даасан томоохон төрөл юм. Түүнчлэн боржигин аялгуутай уртын дуу нь ёс заншил, угсаа гарал, бүх л зан үйлтэйгээ холбоотой байдаг. Түүнчлэн бусад аялгуунаасаа дуулах арга барил, дууны хэв шинжээрээ уран гоё нугалаатай, хоолой төвөнхийн цохилго, бөнжигнөх хөдөлгөөн ихтэйгээс гадна голдуу давхар шуранхайтай байдгаараа онцлог юм.

Мөн нэг ая нь нэг түрлэг болон дуулагддаг. Зууны манлай уртын дууч Ж.Дорждагва хэлэхдээ “Ордны дуу байсан болохоор ийм л уран гоё аялгуутай байхаас яах вэ дээ” гэж хэлсэн байдаг. Үүнээс гадна боржигинчууд маш нарийн дэг журамтай дуулж, хуурдан найрладаг эртний уламжлалтай ард түмэн юм. Боржигон найрын дэг жаяг маш сонин. Гэрийн баруун талд эрэгтэйчүүд, зүүн талд эмэгтэйчүүд насны эрэмбээр дараалан суух бөгөөд гэрийн эзэн нутаг усандаа нэр хүндтэй, тохитой томоотой, ёс заншлаа сайн мэддэг хүнийг сонгон хадаг айраг барьж, найр дарга­лахыг хүсэн гэрийн хойморт залж суулгадаг.

Найрын дарга тухайн найр хуримын талаар болон найрын дэг журам, ёс жаягаа товчхон танилцуулаад хоёр талын сөнчийг томилно. Ийнхүү найрын даргын тогтоосон ёс жаягийн дагуу үргэлжилнэ. Боржигин найр “Авралын дээд”, “Түмний эх” энэ хоёр дууны аль нэгээр эхэлдэг. Эхний ая барьж дуусахад хуурч нь морин хуураа чихээр нь тоононы гол дааганаас тогтоон толгойг нь тооноор цухуйлган түр дүүжилнэ. Энэ нь найр эхлээд гурван дугараа өнгөрснийг хожимдож ирсэн гийчдэд мэдэгдэж байгаа нь тэр.

Найранд сууж байгаа хүмүүс өөр хоорондоо элдэв зүйл ярих, энгэр заам задгай байлгах, өвдгөө буруу нугалан суух, малгайгүй байхыг хориглодог бөгөөд айргийн сөн унаж суух, сөнгийн халбага хоосон байлгах, найрын даргын зөвшөөрөлгүй сөнг шилжүүлэх буюу орхин явахыг хориглоно. Мөн сөнчид хултай айрагт хуруугаа дүрэх, цалгиулж асгахыг хориглоно. Энэ бүхнийг зөрчвөл их, бага хулын аль нэгээр торгуулийн айраг уулгана. Энэ мэтчилэн бор­жи­гин найр бол хүмүүжлийн асар их ач холбогдлоо өгдөг, дэг журам­тай явагддаг. Тэгэхээр энэ сайхан ёс уламжлал, дэг жаягаа цаа­шид хадгалж, хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх хэрэгтэй юм даа.

С.Юндэнбат: Соёлын өв гэдэг цаг үеийн шалгуурыг давсан,
бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлс юм

3886_5453353-1/Соёлын өвийн төвийн зөвлөх, СУИС-ийн багш/

-Боржигин овог бол Их Монгол Улсын хаадыг төрүүлсэн овог. Өнөөдөр Боржигин Сэцэн вангийн хошууны бүрэлдэхүүнд багтаж байсан уугуул нутгийн үр хойчис, удам судар нэгтэй ахан дүүс, ардын авъяастан, соёлын ажилтнууд хуран цуглаад, Боржигины өв соёлын уламжлал, өнөө ба ирээдүйн хувь заяаны асуудлаар хэлэлцэж байгаа нь онцгой ач холбогдолтой чухал үйл явдал гэж судлаач хүний хувьд үзэж байна. Боржигин хошуу, боржигин яс гэж бид ярьж, бичиж ирсэн. Тухайн овог, ясыг түүний соёл нь тодорхойлдог.

Соёлын өв гэдэг бол цаг үеийн шалгуурыг давсан, бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлсийг хэлдэг. Тэгвэл Боржигин соёлын нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, Боржигин хошууны нэрийн хуудас, омог бахархал болсон соёлын өвийн ямар төрөл зүйлүүд байна вэ гэвэл боржигин найр, уртын дуу, морин хуур, эмээл гээд олон зүйл байна. Сүүлийн үед халх хүн бүр өөрийгөө боржигин ястай гэж тооцох, Дундговь чигийн дуу болгоныг боржигин уртын дуу гэж ойлгох хандлагатай болсон. Дуучид байтугай шүүгчид боржигин аялгууг сайн ялгахгүй болохоор боржигин уртын дууны уралдаанд дуучид аль сайн мэддэг, чаддаг уртын дуугаа дуулах хандалага ажиглагдах болсон.

Тэгэхээр уртын дууны боржигин аялгуу гэдэг ойлголтыг тодруулж гаргах ёстой болж байгаа юм. Хэрвээ монгол уртын дууг дуулах арга барил цөм нэг хэв загварт орох юм бол монгол соёл хохирно. Хэдий чинээ олон хувилбартай, нутаг нутгийн онцлогтой, баялаг олон талтай байх тусмаа монгол уртын дуу төдий чинээ солонгорсон, сонирхолтой, өргөн хүрээтэй, дэлхийн цараатай урлаг байж чадна. Тэгэхээр юуны өмнө уртын дууг монголчуудын уламжлалт ёс заншил, ахуй зан үйлтэй холбоотойгоор үндэсний бахархалын хэмжээнд дээдлэн дэлгэрүүлэх, өнөөдрийн өөрчлөгдөж байгаа шинэ нөхцөлд зохицуулан идээшүүлж, монголчуудын төр ёс, баяр цэнгэл, хэв заншлын хэм хэмжээ болгон хэвшүүлэх хэрэгтэй.

Мөн уртын дууг хойч үед өвлүүлэхэд албан бус, зайны болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах зэрэг олон хэлбэрийг ашиглах. Ялангуяа нутаг нутагт буй ардын авъяастан, дуучин, хуурчинг дагалдуулан сургах шавь сургалтын хэлбэрийг онцлон анхаарч, тэдний дунд өөрийгөө орлож чадах гарын гарамгай шавьтай болох хөдөлгөөн өрнүүлэх шаардлагатай.

Уртын дууг дуулах нутаг нутгийн арга барил, дэг сургууль, донж маягийг өөр өөрийнх нь өвөрмөц онцлог байдлаар нь авч үлдэх, найр наадамд уртын дууг дуулах, хөгжимдөх газар газрын хэв заншлыг хадгалж үлдээх нь чухал байна. Үүнээс гадна боржигин аялгуу, боржигин найрын үлгэр загвар болж чадах цомог бэлтгэн гаргаж сургалт, сурталчилгаанд ашиглах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Д.Нацагдорж: Боржигин морин хуур, уртын дуу сэргэж байна

7627bc90-b76b-43f0-937a-5cfaa330292c-1

 /Боржигин чуулгын зөвлөх багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн/

-1950-иад оны үед боржигин айл бүхний хойморт боржигин морин хуур байдаг байсан. Түүнээс хойш буюу 1960-аад оны дунд үеэс энэ байдал алдагдаж эхэлсэн. Тиймээс боржигин морин хуурыг сэргээх, дахин айл бүхний хойморт залахын тулд миний бие 2010 оноос хойш ажиллаж байна. Энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил ч их хийж байгаа.

Түүнчлэн 2011 оноос боржигин морин хуураа захиалж хийлгэж эхэлсэн. Одоогоор манай аймагт 100 гаруй боржигин морин хуур байна. Мөн боржигин морин хуурыг үр хойчдоо өвлүүлэхийн тулд сургалт, дугуйлангуудыг хичээллүүлж байна. 2019 онд 200 боржигин морин хуурчны тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай аймагт боржигин морин хуурыг ихэвчлэн настай хүмүүс тоглодог.

Харин боржигин морин хуурчдын улсын уралдааныг зохион байгуулж эхэлснээс хойш хүүхэд залуус, дунд үеийн төлөөлөл илүүтэй сонирхох болсон. Үүний ачаар боржигин морин хуур, уртын дуу сэргэж байна. Цаашид ч боржигин овгийнхон маань өв соёлоо хадгалж, үр хойчдоо өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах аж­луу­дыг эрчимтэй хийх байх.

Т.Болдбаатар: Бид суурин соёл иргэншил рүү асар хурдтай
шилжиж бусдаас ялгарах байдлаа алдаж байгаа нь үнэн

278-300x217

/Говьсүмбэр аймгийн “Боржигин-Өв” музейн эрдэм шинжилгээний ажилтан/

-Соёл урлагийн салбарын өвлөж, тээж, үйлдвэрлэж буй үнэт зүйлс, соёлын бодлого бол манай үндэстний гол дархлаа байх нь зүй ёсны. Түүхэн замнал, өв уламжлал, ёс заншил, эх хэл, бичиг үсэг, угсаатны сэтгэхүйгээ алдваас сулран суларсаар угсаатан мөхөхөд хүрдэг.

Иймийн учир бид хөөмэйгээ, уртын дуугаа, монгол бичиг, монгол гэрээ, туулиа, эрийн гурван наадам, дээл хувцас, бий биелгээ, адуу малын тоног хэрэгслээ бусдаас харамлах ёстой юм. Өвөрмонголчууд дээр дурьдсан бүхнийг “савардах урлаг” гэх хачин нэрийн дор нэгтгэн базаад ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгүүлэхээр гүйлдэн буйг эх сурвалжаас олж мэдсэн хүмүүс байгааг үгүйсгэмгүй санагдана. Дэлхийд суурин болоод нүүдлийн гэсэн хоёрхон соёл иргэншил байдгийг хүн бүхэн мэднэ.

Ний нуугүй, хэлэхэд бид суурин соёл иргэншил рүү, бусдын соёл иргэншил өөд асар хурдтай шилжиж бусдаас ялгарах байдлаа алдаж байгаа нь үнэн. Тухайлбал, малдаа техникээр явж байна, нүүхдээ техник ашиглаж байна. Малыг эдэлж, хэрэглэх нь ховордож байгаа учраас малын үүлдэр угсаа сайжрах, тарга тэвээрэг авах тал дээр тааруухан болчихож байгаа юм.

Үүнтэй холбогдуулан мал аж ахуйн салбарт хадгалагдаж буй соёлын биет бус өвлөгдөхгүй үлдэх талтай. Наад зах нь тэмээн нуруу ачихгүй болсноос хойш хом, бамбай, татлага зэрэг эд хэрэглэгдэхүүн байхгүй болж, үүнийг мэддэг ч хүн үгүй болж байна. Үүнээс гадна соёлын биет бус өв гэхээр хүмүүс “бус” гэдэг үгэнд ач холбогдол өгөөд хандлага, ойлголт жаахан тааруу байна. Мөн иргэдийн нийт хандлагыг харахаар соёлын биет бус өвийг уртын дуу, морин хуураар хязгаарлах гээд байх талтай, бусад өвүүдийг гадарлах тал дээр маруухан байна.

Үнэндээ монгол үндэстэн дэлхийн бөмбөрцөг дээр оршихуйн нэгэн тулгуур нь соёлын өв гарцаагүй мөн тул Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын заалтад “Түүх, соёл нь үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж заасан байдаг. Тэгэхээр боржигин сумд төдийгүй Монгол Улс даяараа соёлын биет бус өвийг таван айгаар нь ойлгоод, ай тутамд нь хөгжүүлэх, өвлүүлэх, сургах тал руу нь явахгүй бол Монголын том бахархал устах аюултай болсон шиг санагдаж байна. Хамгийн гол нь хамтын үр дүн хэрэгтэй байгаа юм.

Илтгэлүүдтэй холбогдуулж “Хаан мюзик” ХХК-ийн захирал Д.Уламбаяр, Говьсүмбэр аймгийн Боржигин овогтны холбооны тэргүүн Д.Сүрэнжав, Говь-Угтаал сумын Засаг дарга Б.Доржсүмбэр, Монголын ураг удмын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ургийн бичиг судлаач, Сүмбэр сумын III багийн иргэн Д.Цогбадрах, I багийн иргэн, судлаач Г.Бумцэрэн, II багийн иргэн “Тогтвортой амьжиргаа-3” төслийн дарга Л.Уранчимэг, Дундговь аймгийн Дэрэн сумын иргэн Соёлын гавъяат зүтгэлтэн, уртын дуучин Г.Дадьсүрэн нарын хүмүүс санал дэвшүүллээ.

ger-5-696x464

Тухайлбал, аймгийн Засаг дарга Г.Батсуурь эсвэл Тамгын газрын дарга Д.Содномоор ахлуулсан 17 сумын Засаг дарга, Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, ТББ-ын төлөөлөл зэргээс бүрдсэн 21 хүний бүрэлдэхүүнтэй “Боржигин овогтон” холбоо байгуулах, фэйсбүүк, вэб хаягтай болж олон хэл дээр Боржигины өв соёлыг сурталчлах, “Боржигин өв соёлыг сурталчлах сан” байгуулж, бусад үйл ажиллагаагаа явуулдаг байх, “Боржигин морин хуурч, уртын дуучдын” холбоо байгуулах, 17 сумаараа нийлээд Боржигин өв соёлоо түгээх тоглолт хийж, Улаанбаатар хот болон Боржигин сумдын иргэдэд түгээн сурталчлах, орон нутгийн боловсролын хөтөлбөрт Боржигин морин хуур, уртын дууг боржигин хөгөөр эгшиглүүлэх тухай агуулга оруулах, “Боржигин судлалын төв”-тэй хамтран ном, эмхэтгэлүүд гаргах, зурагт хуудас хэвлэх, Боржигин морин хуур, уртын дууны бичлэгүүдийг дуу хөгжмийн багш нарт гарын авлага болгон өгөх, Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг арвижуулах, цуглуулах гэсэн саналууд гарсан юм.

Түүнчлэн энэ үеэр боржигин өв соёлыг уламжлагч, ардын авьяастнуудад шагнал гардууллаа. Тодруулбал, БСШУСЯ-ны шагнал “Тэргүү­ний ардын авьяастан” цол тэмд­гээр Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, боржигин уртын дууч, морин хуурч Ж.Даваа, “Жуух бичиг”-ээр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат Д.Буджав нарыг шагнасныг ЗГХА-Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг гардууллаа.

Мөн аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр соёлын биет бус өв “Боржигин уртын дуу”-г өвлөн уламжлагч Сүмбэр сумын V багийн өндөр настан Г.Лхам, “Захчин ардын дуу”-г өвлөн уламжлагч Сүмбэр сумын I багийн өндөр настан П.Хандомаа, “Боржигин өв музей”-н шагналаар “Боржигин уртын дуу”-г өвлөн уламжлагч Сүмбэр сумын V багийн өндөр настан Д.Намжил, Баянтал сумын I багийн өндөр настан Ш.Өлзийбат нарыг шагнаж урамшуулсныг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ЗДТГ-ын дарга Д.Содном нар гардууллаа. Ийнхүү “Боржигин морин хуур, уртын дууны онцлог, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж, өндөрлөлөө.

ger-4-696x464

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us