Ахмадын “Софт волейбол”-ын холимог багийн улсын аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээн 6 насны ангиллаар Говьсүмбэр аймагт анх удаа 2023 оны 05 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 11 аймаг, нийслэлийн 6 дүүрэг, спортын 2 клубын 68 багийн 389 тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорьлоо.
Ахмад настнуудын онцлогт тохирсон Софт волейболын спорт 2016 оноос манай улсад хөгжиж, эрэгтэй, эмэгтэй, холимог насны ангиллаар жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээн явагдаж ирсэн уламжлалтай билээ. Энэхүү спорт манай аймагт 2019 оноос эхлэн хөгжиж, эдүгээ 40-өөс дээш насны 100 гаруй ахмад тамирчид тогтмол хичээллэдэг болсон.
Энэхүү улсын аварга шалгаруулах тэмцээнд Говьсүмбэр аймгаас бүх насны ангилалд нийтдээ 10 багийн 60 орчим тамирчин оролцож байгаа нь тус аймагт софт волейбол хэрхэн хөгжиж байгаагийн тод илрэл юм.













