Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний өв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн “Байлдааны тугийг цэнгүүлэх, хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах” ёслолын арга хэмжээ Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын алба хаагчдыг хамруулан аймгийн төв талбайд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.
Ёслолын арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн Цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, бригадын генерал А.Дулаанжаргал аймгийн хууль сахиулах болон төрийн цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчид тэдний гэр бүл нутгийн иргэд оролцлоо.
Монгол улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “100 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Нацагдорж нарыг шагнасан бол Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Говьсүмбэрийн төлөө медаль”-иар “Сүлд” чуулгын дуучин, цагдаагийн ахмад Ц.Амарболдыг шагнав.


















