“Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа”-ны нээлт 03 сарын 31-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо. Нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, ЗДТГ-ын дарга Д.Содном, ЗДТГ-ын НБХэлтсийн дарга С.Уранцэцэг, ХХҮГ-ын дарга Д.Гансүх, сумдын удирдлагууд, тус ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүн холбогдох албаныхан байлцлаа.
Амьжиргааны түвшинг тодорхойлох нь зөвхөн хүүхдийн мөнгө олгохдоо бус нийгмийн хамгааллын салбаруудын бодлогыг тодорхой загварчлах замаар (нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд болон бусад) эмзэг байдлыг бууруулах болон нийгэмд тэгш байдлыг бүрдүүлэх боломжтой аж. Тус судалгааг 2013 оноос орон даяар хийж, иргэдийг 1-20 ангилалд хуваасан ч Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 404 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г ашиглах, удирдах журмын 2.3-т Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг гурван жил тутамд шинэчлэхээр заасны дагуу дахин мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж байна. Тодруулбал, нийт 21 аймаг, 9 дүүрэгт бэлтгэгдсэн нийт 2800 гаруй судлаач болон төрийн албан хаагчдын төлөөлөл багтсан 7900 орчим бие бүрэлдэхүүн ажиллаж өрхийн мэдээллийн сангаас нийт 600.000 өрхийг хамруулж, 2017 оны гуравдугаар сарын 31-ны өдрийн өглөөний 09.00 цагт эхлүүлж дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 18.00 цагт дуусгахаар ажиллаж байгаа аж.
Манай аймгийн хэмжээнд нийт 2917 өрхийг жагсаалтын дагуу судалгаанд хамруулж уг ажилд 9 судалгааны багийн ахлагч, 17 тоологч, 4 шивэгч, 6 жолооч, 10 хөтчийг ажиллуулахаар болоод байна. Уг ажлыг харъяа нутаг дэвсгэртэй чанартай үр дүнтэй, хариуцлагатай зохион байгуулж ажиллахыг ажлын хэсэг болон судалгаанд оролцсон нийт иргэддээ хүсье.