Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд нийгмийн амьдралд оролцох, эвлэлдэн нэгдэх, хүүхдийн эрхийг хангах аливаа асуудлаар шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо илэрхийлэх, оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэн, тэдний хөгжил, оролцоо, хамгаалалыг дэмжих мөн Аймгийн Хүүхдийн Зөвлөлийн тэргүүнийг сонгон батламжлах зорилгоор “ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” чуулган зохион байгуулагдлаа.
Хүүхдийн Чуулганыг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн Төлөө Зөвлөлийн тэргүүн Г.Батсуурь нээж үг хэлэхдээ “Аймгийн хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонсон шийдвэр гаргах түвшинд ажил хэрэг болгон ажиллах, хүүхдийн санал санаачилгыг үргэлж дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
Чуулганд аймгийн ерөнхий боловсролын таван сургуулийн болон Политехникийн коллежийн төлөөлөл бүхий 70 хүүхэд оролцож, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулан хэлэлцүүллээ.
Мөн чуулганд оролцогчид Хүүхдийн Зөвлөлийн тэргүүн, дэд тэргүүнд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан саналаа өгснөөр Аймгийн Хүүхдийн Зөвлөлийн тэргүүнээр 1-р сургуулийн 11а ангийн сурагч А.Мөнгөншагай, Дэд тэргүүнээр 5-р сургуулийн 10-р ангийн сурагч Б.Билгүүнтөгс нар сонгогдож, тамга, гэрчилгээ, тугаа гардан авлаа.
Чуулганаас гарсан саналуудыг эрэмбэлэн нэгтгэж бусад холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлж ажиллана гэдгээ Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг илэрхийллээ.






