ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих “Орон нутгийн сангийн журам”-ын төсөлд саналаа өгнө үү.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь энэ хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий Төсвийн тухай хуульд зааснаас өөр бусад сантай байж болно. Уг санг бүрдүүлэх эх үүсвэр нь төсвийн бус хөрөнгө байна” гэж заасныг баримтлан боловсруулсан “Орон нутаг хөгжлийн сангийн журам”-тай танилцаж, сэтгэгдэл үлдээх хэсэгт саналаа илгээнэ үү.  Баярлалаа.

ОРОН НУТГИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ

“ОРОН НУТГИЙН САНГИЙН ЖУРАМ”-ЫН ТАНИЛЦУУЛГА

ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА:

Тус журмыг шинэчлэн батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь энэ хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий Төсвийн тухай хуульд зааснаас өөр бусад сантай байж болно. Уг санг бүрдүүлэх эх үүсвэр нь төсвийн бус хөрөнгө байна” гэж, 17.2 дахь хэсэгт “17.2.Энэ хуулийн 17.1-д заасан санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг тухайн шатны Хурал тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавина” гэж заасныг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйлийг баримтлан, Сангийн яамнаас ирүүлсэн загвар, чиглэлийг удирдлага болгон “Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих сангийн журам”-ыг боловсрууллаа.

Тус журам нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “17.3.Энэ хуулийн 17.2-т заасны дагуу тогтоосон журмыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлнэ” гэж заасны баримтлан Хууль зүй дотоод хэргийн яаманд захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлж, мөрдөх юм.

ЗОРИЛГО,  ЗОРИЛТ:

Тус сангийн зорилго нь орон нутаг өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, урьдчилан төлөвлөж, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй хүчин зүйлээс шалтгаалан төсвийн жилийн явцад шаардагдаж болзошгүй зардлыг санхүүжүүлэх төсвийн бус орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхэд оршино. Энэхүү зорилгын хүрээнд орон нутгийн сангийн хөрөнгийг төлөвлөх, бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааны зохицуулалтыг томьёолж журмын төсөлд тусгахдаа дараах зарчмыг баримталлаа. Үүнд:

  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Авлигын эсрэг хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх
  • Орон нутаг хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд тасралтгүй байдлыг хангах
  • Сангийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх;
  • Хяналттай, үр дүнтэй байх зарчмыг баримталлаа.

ЕРӨНХИЙ БҮТЭЦ, ЗОХИЦУУЛАХ ХАРИЛЦАА, ХАМРАХ ХҮРЭЭЖурам нь 6 бүлэгтэй.

1-р бүлэгт-Нийтлэг үндэслэл

2-р бүлэгт- Орон нутгийн сангийн эх үүсвэр

3-р бүлэгт -Орон нутгийн сангийн хөрөнгийн зориулалт, зарцуулалт

4-р бүлэгт-Орон нутгийн сангаас санхүүжүүлэх хэмжээ, гүйцэтгэлийг  тооцох

5-р бүлэгт-Тайлагналт, ил тод байдал, хяналт

6-р бүлэгт -Бусад харилцааг тусгаж зохицуулсан.

АЧ ХОЛБОГДОЛ:

Журам нь орон нутаг хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд дутагдалтай хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн бус орлогоор бүрдүүлэн, зарцуулж, төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган, үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

ОРОН НУТГИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ

ОРОН НУТГИЙН САНГИЙН ЖУРАМ /төсөл/

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэг нь орон нутгийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий төсвийн бус хөрөнгөөс бүрдсэн “Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих /цаашид “Орон нутгийн сан” гэх/-тай байх үндэслэл болно.

1.2.Орон нутгийн сангийн зорилго нь орон нутаг өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, урьдчилан төлөвлөж, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй хүчин зүйлээс шалтгаалан төсвийн жилийн явцад шаардагдаж болзошгүй зардлыг санхүүжүүлэх төсвийн бус орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхэд оршино.

1.3.Орон нутгийн сан нь төсвийн бус хөрөнгөөс бүрдэх бөгөөд энэхүү журмаар орон нутгийн сангийн хөрөнгийг төлөвлөх, бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих, тайлагнах харилцааг зохицуулна.

1.4.Орон нутгийн сангийн үйл ажиллагаанд энэхүү журмаас гадна Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Авлигын эсрэг хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөнө.

ХОЁР.ОРОН НУТГИЙН САНГИЙН ЭХ ҮҮСВЭР

2.1.Орон нутгийн сангийн орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

2.1.1.Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухайн жилийн үйл ажиллагааны цэвэр ашгийн 20 хүртэл хувь;

2.1.2.Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж, дэмжлэг;

2.1.3.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс нийгмийн хариуцлагын хүрээнд олгох мөнгөн тусламж, хандив;

2.1.4.Орон нутагт уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, баяжуулах,тээвэрлэх, гаалийн хяналтын талбай эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд олгох мөнгөн тусламж, хандив;

2.1.5.Орон нутгийн төрийн байгууллагаас хуулиар хориглоогүй асуудлаар аж ахуйн үйл ажиллагаа явуулж олсон орлого;

2.1.6.Орон нутгийн өмчит байгууллагуудын актлагдсан хөрөнгийн үнэ тогтоон худалдан борлуулсны орлого;

2.1.7.Орон нутгийн төсөвт нэр ангилал заагдаагүй бусад орлого;

2.2.Орон нутгийн сангийн эх үүсвэр нь төрийн сангийн бүртгэлийн дансанд байршина.

2.3.Орон нутгийн сангийн орлогын хэмжээг энэхүү журмыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нийт дүнгээр нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон батална.

ГУРАВ. ОРОН НУТГИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙН

ЗОРИУЛАЛТ, ЗАРЦУУЛАЛТ

3.1.Орон нутгийн сангийн хөрөнгийг орон нутгийн чиг үүргийг гүйцэтгэх хүрээнд тухайн орон нутгийн төсвийн бус орлогоос бүрдүүлэх боломж, чадавхийг харгалзан тухайн жилийн төсөвт урьдчилан тусгах боломжгүй, санхүүгийн эх үүсвэр дутмаг байгаа дор дурдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд зарцуулна.

3.1.1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл, хөтөлбөр, бодлого, төлөвлөлтийн зардлын дутагдалтай байгаа зөрүүг санхүүжүүлэх;

3.1.2.Аймгийн Засаг даргын хуульд заасан эрх, үүргийн хэргэжилтийг хангах төсөв нь батлагдаагүй төсөл арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

3.1.3.Орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын шаардлагатай төсөл арга хэмжээ;

3.1.4.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулах, ойжуулах, энгийн болон аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл, арга хэмжээ;

3.1.5.Албан ажлаар ирсэн гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах, хүндэтгэл үзүүлэхтэй холбогдох төсөвт тусгагдаагүй үйл ажиллагаа;

3.1.6.Олон улс, дэлхийн болон улс, бүсийн чанартай аливаа уралдаан тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

3.1.7.Аймаг, орон нутгийн нэрийг тив, дэлхий, улсын хэмжээнд гаргасан, төрийн эрхэм дээд болон хүндэт шагнал хүртсэн иргэдийг урамшуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх;

3.1.8.Аймгийн баяр наадам, уул овооны тахилга, тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа;

3.2.Орон нутгийн сангаас хөрөнгө зарцуулахдаа аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, захирамж гарган зарцуулна.

3.3.Орон нутгийн сангаас хөрөнгө гаргах тухай шийдвэрт заагдсан хөрөнгийн хэмжээ нь тус сангийн батлагдсан дүнгээс хэтрэхгүй байна.

3.4.Орон нутгийн сангийн хөрөнгийг энэхүү журмын 3.1-д зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

ДӨРӨВ.ОРОН НУТГИЙН САНГААС САНХҮҮЖҮҮЛЭХ ХЭМЖЭЭ,

ГҮЙЦЭТГЭЛИЙГ  ТООЦОХ

4.1.Орон нутгийн  сангаас зардал гаргах шаардлага гарсан нөхцөлд төсөл, арга хэмжээг санаачилсан, хариуцан гүйцэтгэх байгууллага, ажилтан нь холбогдох төсөл, төлөвлөгөө, төсвийг зардлын зүйлээр хийсэн дэлгэрэнгүй тооцоог тухайн шатны Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэст ирүүлнэ.

4.2.Хэлтэс нь ирүүлсэн төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомж болон тухайн үеийн зах зээлийн үнэ ханштай нийцэж байгаа эсэх,  уг арга хэмжээ, төсөлд орон нутгийн сангаас хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай эсэхийг нягталж,  Санхүү, төрийн сангийн хэлтсээр хянуулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.

4.3.Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхтэй холбогдох харилцааг аймгийн Засаг даргын зөвлөлийн ажиллах журмаар зохицуулна.

4.4.Орон нутгийн сангаас хөрөнгө зарцуулахад аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу захирамж гаргаж, зарцуулна.

4.5.Засаг даргын захирамж, санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн  1 дүгээр гарын үсгийг Засаг дарга, түүний эрх олгосон албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг төсвийн ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурж санхүүжилтийг олгоно.

4.6.Санхүүжилтийг уг төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн онцлог, үе шатны ажлын гүйцэтгэлтэй уялдуулан бүрэн болон хэсэгчлэн олгож болно. Хэрэгжүүлж буй арга хэмжээ, төслийн онцлогоос шалтгаалан эхний ээлжинд зарим бэлтгэл ажил /материал, түүхий эд бэлтгэх гэх мэт/ хийгдэх бол урьдчилгаа олгож болох бөгөөд урьдчилгааны хэмжээ нийт зардлын 30 хувиас хэтрэхгүй байна.

4.7.Тухайн төсөл, арга хэмжээг хариуцан гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, ажилтан хөрөнгийн зарцуулалтын тайланг уг арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш хуанлийн 15 хоногийн дотор гаргаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлнэ.

4.8.Төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ыг баримтална.

4.9.Зардлын тайланг уг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөвтэй зэрэгцүүлэн гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байхаас гадна үндсэн баримтын нэг хувийг хавсаргана.

4.10.Орон нутгийн сангийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хариуцан гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь зардлыг зохих шийдвэрт заасан хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд нэмэлт санхүүжилт олгохгүй бөгөөд хэмнэлт гаргасан бол төсвийн холбогдох дансанд буцаан төвлөрүүлнэ.

ТАВ.ТАЙЛАГНАЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ

5.1.Орон нутгийн сангийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нь нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.

5.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн сангийн зарцуулалтын жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийлгэж, дүгнэлт гаргуулан гүйцэтгэлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүр тайлагнана.

5.3.Орон нутгийн сангийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш хуанлийн 15-20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

5.4.Тухайн шатны Засаг даргын Тамгын газзрын Санхүү, төрийн сангийн хэлтэс орон нутгийн сангийн зарцуулалтад хяналт тавьж, орлого, зарлагын гүйцэтгэлийн мэдээг гаргаж, дүнг улирал бүр Засаг даргад танилцуулна.

5.5.Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу орон нутгийн сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийлгэнэ.

5.6.Төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавина.

5.7.Орон нутгийн сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээлэл, тайланг төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч хариуцна.

ЗУРГАА.БУСАД ЗҮЙЛ

6.1.Орон нутгийн сангаас олгосон хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.

6.2.Зориулалт бусаар зарцуулсан тохиолдолд тухайн байгууллага төсөвт байгууллага бол батлагдсан төсвөөс нь суутган тооцож, аж ахуйн нэгж бол тухайн байгууллагын харилцах данснаас үл маргах журмаар нөхөн төлүүлэх асуудлыг ажил гүйцэтгэгч, захиалагч байгууллагын хоорондын гэрээ, хэлцэлд тусган хэрэгжүүлнэ.

6.3.Орон нутгийн сангаас эх үүсвэрийг нь гарган санхүүжүүлж байгаа арга хэмжээ, төслийг хэрэгжүүлэхдээ бараа, материал, ажил, үйлчилгээг тухайн үеийн зах зээлийн үнэ, ханшаас дээгүүр бэлтгэсэн буюу гүйцэтгэсэн, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, үр ашиггүй зардал гаргасан зэргээр хөрөнгийн ашиглалтад зүй бусаар хандсан тохиолдолд тухайн төсөл, арга хэмжээг хариуцсан этгээд, албан тушаалтнаас зохих хууль, тогтоомжийн дагуу нэхэмжилж, нөхөн төлүүлнэ. Хэрэв уг асуудал нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй бол хууль, хяналтын байгууллагад шилжүүлнэ.

6.4.Энэхүү журам болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

__oOo__

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us