Аймгийн Засаг дарга Г.Батзам Говийн бүсэд ногоон хөгжлийг дэмжих Азийн Хөгжлийн Банкны цахим хэлэлцүүлэгт оролцлоо

114
Монгол Улс Азийн Хөгжлийн Банкнд гишүүнээр элссэний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй бүсийн цуврал уулзалт-хэлэлцүүлэг Өмнөговь, Дорноговь, Дундговь болон Говьсүмбэр аймгуудыг хамарсан Говийн бүсийн арга хэмжээгээр эхэллээ.
Уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд Говьсүмбэр аймаг болон бусад оролцож буй аймгуудад хэрэгжиж буй төслүүдийн үр дүн, нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж буй үр нөлөөтэй танилцав. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг төлөөлөн Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож, төслийн үр өгөөж болон Монгол улсад цаашид хэрэгжих боломж нөхцөлийн талаар санал солилцлоо.
Арга хэмжээний хоёрдугаар хэсэгт өмнөд бүсийн тогтвортой хөгжлийн бодлого, Азийн Хөгжлийн Банкнаас үзүүлэх дэмжлэг туслалцааны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Засгийн газрын төлөөлөл, 4 аймгийн засаг дарга нар оролцсон хэлэлцүүлгээр худалдааг хөнгөвчлөх, ложистик, дэд бүтцийг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг Азийн Хөгжлийн Банкнаас тухайн орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны голлох чиглэлүүдийг хөндөн ярилцлаа. Мөн аймгийн Засаг дарга нар өөрсдийн аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, нийгэм болон байгальд ээлтэй тогтвортой өсөлтийг хангах бодлого болон Азийн Хөгжлийн Банкны оролцооны талаар байр сууриа илэрхийллээ.