Говьсүмбэр аймгийн Засаг даргын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

 

suuri-dargaМэдээллийн технологийн гайхамшигт ололт, амжилтын баталгаа болсон дэлхийн сүлжээ, веб хуудсаар дамжуулан говь нутаг, улс, эх орон, тив дэлхийтэй харилцах таатай агшин бүрдэж байгааг тохиолдуулан эрхэм хүндэт Танд Говьсүмбэр аймгийн Засаг дарга миний бие өөрийн болон Говьсүмбэр нутгийн ажилч хичээнгүй түмэн олныхоо чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье.
Эрхэм Та Говьсүмбэр нутгийн минь хүн зоны амьдрал, түүх соёл, ёс заншил, байгаль, цаг уурын онцлог, аймгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалтай энэ хуудаснаа аялан танилцаж, багагүй мэдээллийг олж авна гэдэгт итгэл төгс байна.
Аймаг байгуулагдсан түүхийн хувьд Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулсан.
Харин Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан түүхтэй.
Тэр үеэс хойш эдүгээ 20 гаруй жилийн түүхээ бүтээж, өнөөдөр Говьсүмбэр аймаг 16.308 хүн амтай, 379.477 толгой малтай, хөрсөн доорхи эрдэс баялагаа түшиглэн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж их бүтээн байгуулалт өрнөсөн, өдрөөс өдөрт хөгжин дэвшиж буй Монгол улсын хөгжлийн томоохон төв болж хөгжиж байна.
Манай ажлын албаны хамт олон, Монгол улсын хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлж, ажил албаа нэр төртөй, үр бүтээлтэй, өндөр хариуцлагатай авч явахыг гол зорилгоо болгож, хөдөлмөрч хүн ардынхаа хөдөлмөр зүтгэлээр аймгаа хөгжүүлэх зорилго эрмэлзэлтэй ажиллаж байна.

   Эрхэм таны ажил үйлс тэнгэрлэг байж, амьдрал тань элбэг, хангалуун байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.


 
 
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г. БАТСУУРЬ