Аймгийн хүндэт дэвтэрт бичигдсэн алдартнууд

Аймгийн Засаг даргын 1995 оны А/01 дүгээр захирамжаар “Аймгийн шагналын дүрэм”-ийг баталж, 1997 оноос эхлэн аймгийнхаа төрийн захиргаа, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, спорт, бусад салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласан иргэдийг “Хүндэт дэвтэр”-т бичиж, алдаршуулж байсан. Хүндэт дэвтэрт бичигдсэн алдартнууд:

  1. Намсрайжавын Насан-Очир
  2. Түвдэнгийн Ваанчиг
  3. Балбарын Лодон
  4. Нацагдоржийн Түмэн-Өлзий
  5. С.Цэнгэлсүрэн
  6. Дагвадоржийн Азжаргал
  7. Отгоны Одцэрэн
  8. Лувсандоржийн Цэдэнсодном
  9. Чүлтэмийн Цэвэлмаа
  10. Гэлэгшинэнгийн Мөнх-Очир
  11. Дэмбэрэлийн Сүрэн-Ухна
  12. Содномын Батаа
  13. Монхорын Хишигдэлгэр
  14. Дамаагийн Ариунжаргал

НАМСРАЙЖАВЫН НАСАН-ОЧИР

 

n-nasan-ochirНамсрайжавын Насан-Очир 1947 онд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. 1965 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургуулийг автотээврийн инженер мэргэжлээр дүүргэсэн. 1971-1974 онд Төв аймгийн 13-р авто баазад ерөнхий механикч, 1974-1980 онуудад Төв аймгийн Тээврийн удирдах газарт ерөнхий инженер, 1980-1982 онуудад МАХН-ын төв хороонд зааварлагч, 1982-1991 онд Хэнтий аймгийн АДГЗ-ны дарга, 1991 онд Чойр хотын Ардын депутатуудын хурлын тэргүүлэгч, гүйцэтгэх захиргааны даргаар тус тус ажиллаж байсан. Тэрээр Чойр хот, Говьсүмбэр аймаг байгуулахад их үүрэг гүйцэтгэж, анхны даргаар томилогдон ажиллаж байсан. Боржигин наадмыг анх санаачлан амжилттай зохион байгуулсан юм. Тэрээр БНМАУ-ын 10, 11, 12 дахь удаагийн сонгуулиар депатутаар сонгогдож байсан. Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медальтай, аймгийн ИТХ-аас олгодог Хүндэт тэмдгийн анхны эзэн.


 

ТҮВДЭНГИЙН ВААНЧИГ

 

t-waanchigТүвдэнгийн Ваанчиг 1938 онд Говь-Алтай амгийн Наран суманд төрсөн.1963 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Мал зүйч мэргэжлээр дүүргэсэн. 1963-1969 онд Төв аймгийн Архустын САА-д үржлийн болон ерөнхий зоотехникчээр ажиллаж байсан ба энэ үед тус САА-д Зөвлөлт холбоот улсаас гоёмсог хээтэй арьсны чиглэлийн каракуль хонийг авчран нутагшуулан үржүүлэх ажлын эхлэл тавигдаж байсан юм. Гэвч уул нутаг нь каракуль хонь үржүүлэхэд тохиромжтой биш гэж үзэж, Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Говьсүмбэр /хуучнаар Дорноговь/ аймгийн Сүмбэр суманд шилжүүлэн байршуулж каракуль хонины улсын үржлийн САА байгуулсан юм. Улмаар 1975 онд Увс аймгийн Баруунтурууны САА-д үржүүлж байсан 10 гаруй каракуль хонийг авчирч нэгтгэн, орон нутгийн цаг уурын нөхцөлд тохирсон шинэ хэвшлийн каракуль хонийг буй болгох зорилт тавьж үржлийн ажлыг системтэй явуулсаны үр дүнд улсын комиссын дүгнэлтээр шинэ хэвшлийн Сүмбэр үүлдэр бий болж батлагдсан болно. Тэрбээр 1963-2001 он хүртэл энэ чиглэлээр тасралтгүй 40 орчин жил ажилласан. Энэ нь эрдэмтэн, мэргэжилтний хамтын бүтээл болж Сүмбэр үүлдрийн хонийг бий болгосон зохион бүтээгчээр батлагдаж зохих патентийг авсан байна. 1980 оноос эхлэн өнгө зүс, ашиг шим, арьсны хэвшлээр өөр хоорондоо ялгаа бүхий удмуудыг гаргаж чанарыг сайжруулах нөхцлийг хангасан. Энэ бүхний үр дүнд каракуль арьсны 1-р зэрэгт эзлэх хувь 1980 оноос хойш 85-90 хувьд хүрч сайжирсан байна. Жилдээ САА-н нийт орлогын 70-80 хувь нь зөвхөн хонины аж ахуйгаас олдог болж, жилдээ 15-20 мянган каракуль арьс үйлдвэрлэж байсан. Түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байсан.


 

БАЛБАРЫН ЛОДОН

 

b-lodonБалбарын Лодон 1938 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Увс аймгийн Баруун-Турууны САА-д мал маллаж байгаад 1975 онд илгээлтээр тус Сүмбэрийн САА-д малчнаар ирж 1992 он хүртэл Сүмбэрийн САА-д каракуль хонь маллаж жил бүрийнхээ амжилтаар сум, аймгийн аварга малчин олон удаа болж, 1992 оноос ардын аж ахуйтан болж мянгат малчны алдрыг хүртжээ. Тэрээр V, VIV VII, VIII таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан.

 
 
 
 
 
 


 

НАЦАГДОРЖИЙН ТҮМЭН-ӨЛЗИЙ

 

n-tumen-ulziiНацагдоржийн Түмэн-Өлзий 1948 онд Улаанбаатар хотод төрсөн. 1966 онд 24-р сургуулийн 10-р ангийг, 1970 онд УБДС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг дүүргэж Дорноговь аймгийн АУДуС-д багшаар томилогдон очжээ.

1974 онд Сүмбэр сумын дунд сургуульд багшаар томилогдон ирээд Боржигин нутгийн үе үеийнхний багш гэдэг алдар хүндийг хүлээн ажиллажээ. Н.Түмэн-Өлзийн 1992-1993 оны хичээлийн жилд дааж авсан 1-р анги 10-р анги төгсөхдөө монгол хэл, уран зохиолын хичээлээр улсын шалгалтыг 100 хувь онц, сайн дүнтэй төгсгөсөн бөгөөд 1998 онд уг анги Монгол бичгийн улсын олимпиадад улсад Тэргүүн байр эзэлж байжээ. Энэ нь дунд ангийн багш, бага анги авч хичээллүүлсэн анхны тохиолдол болж байв.

Мөн “Монгол хэл уран зохиолын кабинет байгуулсан туршлага” илтгэлээр сурган хүмүүжүүлэх уншлагад улсад амжилттай оролцон түрүүлж, орон даяар болдог нээлттэй хичээлийн өдөрлөгт Улаанбаатар хотод очиж бага ангид математикийн хичээл зааж 2-р байрт шалгарч байсан нь монгол хэлний багш математикийн хичээлийг амжилттай зааж байсан тохиолдол болж байв. Эдгээр нь багш хүний хийдэг ажлын гурван оргил дээр гишгээд авсан тохиолдол байсан бөгөөд 1999 онд Монгол улсын “Гавъяат багш” хэмээх эрхэм алдрыг хүртжээ.

Тэрээр одоо Шри Шри амьдрах урлагийн хичээлийн үндсэн курс болон шри шри-иогийн курс, дээд курс, Энэтхэгт олон улсын курс, хатха иогийн багш бэлдэх олон улсын курс болон Сахад самадийн бясалгалд сууж өөрөө иогийн багш болоод амьдрах урлагийг дэлгэрүүлэх ажилд бие сэтгэлээ зориулж явна. Тэрээр мөн дугуйн спортоор тогтмол хичээллэж байгаа бөгөөд Монголын бүх ард түмний спартакиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан дугуйн спортын 1-р зэрэгтэй тамирчин юм. 2009 онд “Хос Мөнгөн хүрд” дугуйн холбоог үүсгэн байгуулж хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эх орныхоо байгалийг танин мэдэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэхэд гар бие оролцож байна.


 

С.ЦЭНГЭЛСҮРЭН

 

s-tsengelsurenС.Цэнгэлсүрэнг Геологийн байгууллагын санхүүгийн бүртгэлийг олон улсын бүртгэлийн стандартад шилжүүлэн өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсаныг нь үнэлж аймгийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/117 дугаар захирамжаар аймгийн Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 
 


 

ДАГВАДОРЖИЙН АЗЖАРГАЛ

 

d-azjargalДагвадоржийн Азжаргал 1978 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1996-2000 онд УБИС-ийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. Тавдугаар ангиасаа эхэлж бөхийн спортоор хичээллэж “Боржигины хүүхдүүдийн урлаг, спортын наадам”-аас алтан медаль хүртэж бөхийн гараагаа эхэлжээ. Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж А.Энхээгийн нэрэмжит улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт, залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Мөн 1994-1995 онд Үндэсний бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн. 1997 онд Говьсүмбэр аймгийн баяр наадмаар аймгийн Заан Ц.Цэрэнхүү /улсын начин/-г даван түрүүлж, аймгийн “Арслан”, 2002 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойн баяр наадмаар улсын заан О.Одгэрэлээр дөрөв, улсын заан Ч.Батзоригоор тав давж Монгол улсын “Начин”, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаар Дархан аварга Б.Бат-Эрдэнээр ес даван үзүүрлэж, Монгол Улсын “Арслан” цол хүртжээ. Тэрээр 2011, 2012-2014 онуудын улсын баяр наадмаар тав даван шөвгөрч өсөх идэр, улам нэмэх чимэг нэмээд байна. Түүнчлэн Монгол бөхийг Геннисийн номд бүртгүүлэх 6016 бөхийн барилдаанд ёс даван шилдэг 12 бөхөд шалгарч байсан юм. Үүнээс гадна Говьсүмбэр аймгийн баяр наадамд 2006, 2007, 2008, 2011 онуудад түрүүлж, 2002, 2003 онуудад үзүүрлээд байна. Даншиг наадмын домогт аварга Ш.Лувсанжамбаа, Ш.Намхай нарын удмын бөх бөгөөд аав Б.Дагвадорж, ах Д.Түмэнжаргал, Д.Батжаргал нар нь аймгийн арслан цолтой.


 

 ОТГОНЫ ОДЦЭРЭН

 

o-odtserenОтгоны Одцэрэнг Санхүүгийн салбарт олон жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллан аймаг орон нутагт олон улсын санхүү, бүртгэлийн стандарт хангалтыг сайжруулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж аймгийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/437 дугаар захирамжаар аймгийн Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

ЛУВСАНДОРЖИЙН ЦЭДЭНСОДНОМ

 

l-tsedensodnomЛувсандоржийн Цэдэнсодном 1960 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 1985 онд УБДС-ийн Биеийн тамирын дасгалжуулагчийн ангийг төгссөн.

1989 онд гар бөмбөгийн дасгалжуулагчийн дээд курсийг төгсөж, 1992 онд гүнзгийрүүлсэн сургалттай ангийн дасгалжуулагч багшаар ажиллаж байгаад тус оноос Говьсүмбэр аймагтай ажил амьдралаа холбож сургуулиудаар явж багш сурагчидтай уулзаж сонгон шалгаруулалт хийснээр, 3 насны хэсэг хүүхдийг сонгон авч секц хичээллүүлж эхэлжээ. Ийнхүү 1993 оноос Говьсүмбэр аймгийнхан улсын чанартай тэмцээн уралдаанд орж эхэлсэн.

Түүний бэлтгэсэн тамирчдаас спортын мастер 19, спортын дэд мастер 30 гаруй төрөөд байна. Түүний бэлтгэсэн шавь нар 1995 оноос өнөөг хүртэл УАШТэмцээнүүдэд тогтмол медальт байр болон шагналт байранд шалгарсан амжилт үзүүлсээр байна. Мөн 2008 оны Макаогийн азийн аварга шалгаруулах тэмцээнд 4 шавь нь Монгол улсыг төлөөлж оролцсон, 2010 онд зүүн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд н.Цэндхүү шилдэг довтлогч, Ч. Халиун шилдэг хамгаалагчаар шалгарсан.

Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүн, гар бөмбөгийн спортын мастер зэрэгтэй. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж 2004 оны Монгол улсын “Манлай дасгалжуулагч”, 1998 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2005 онд “Алтан гадас” одон, 2010 онд Монгол улсын “Гавъяат дасгалжуулагч” цол, аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдэг олгосон. Одоо аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байна.


 

 ЧҮЛТЭМИЙН ЦЭВЭЛМАА

 

Чүлтэмийн Цэвэлмаа нь өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх ажилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, 2009 онд Монгол Улсын Гавьяат багш цолоор шагнагджээ. Аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар аймгийн Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулав.


 

ГЭЛЭГШИНЭНГИЙН МӨНХ-ОЧИР

 

g-munkh-ochirГэлэгшинэнгийн Мөнх-Очир нь 1933 онд Дорноговь аймгийн Эрээн суманд төрсөн. 1960 онд цэцэрлэгийн багш мэргэжил эзэмшин, багш, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллажээ. Түүний ээж найрын дууч байсан нь түүнд нөлөөлжээ. Есөн настайдаа “Ар хөвч”, “Хэрлэнгийн барьяа” дууг дуулдаг байсан. Улсын тэргүүний уран сайханч. 1959 онд болсон Монголын залуучуудын оюутны анхдугаар наадамд “Сэтэрт” дуугаар оролцож, мөнгөн медаль, 1968 онд болсон Уртын дуучдын улсын уралдаанаас тусгай шагнал, 2003 онд Сүхбаатар аймагт болсон “Дарьгангын жаахан шарга” дууны уралдаанд оролцож “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртжээ. Боржигин уртын дууны удаа дараагийн наадмын тэргүүн, дэд байранд шалгарч, алт, мөнгөн медаль хүртжээ.

Ардын хувьсгалын 80 жилийн урлагийн наадмаас алтан медаль, 75 жилийн ойн урлагийн наадамд оролцож мөнгөн медаль, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг хүртжээ. Уламжлалт соёлийн өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын билэгт авьяастнуудын улсын жагсаалтад 2004 онд бүртгэгджээ. 1970 онд Дорноговь аймгийн алдарт дуучин цол хүртжээ.


 

ДЭМБЭРЭЛИЙН СҮРЭН-УХНА

 

d-suren-ukhnaДэмбэрэлийн Сүрэн-Ухныг Говийн аймгуудад анх удаа инженерийн хийцтэй услалтын системийг нэвтрүүлж ард иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж аймгийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар аймгийн Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулав.

 
 
 
 
 
 
 
 
 
 


 

МОНХОРЫН ХИШИГДЭЛГЭР

 

Монхорын Хишигдэлгэр нь 1946 онд Дундговь аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. Геологийн инженер мэргэжилтэй.

  • 1970-1993 онд Чойрын геологи “Говь-гео ХХК”-д Дагалдан инженер, ангийн ерөнхий геологич, дарга,
  • 1993-2010 онд Шивээ-Овоо ХК-д Захиргаа, хүний нөөцийн бодлого хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан.

1991 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль” 2010 онд “Алтан гадас” одон, ардын хувьсгалын ойн медаль болон Их Монгол улс байгуулагдсаны 800-н жилийн ойн медалиар тус тус шагнагдсан.


 

СОДНОМЫН БАТАА

 

Боржигин нутгаас бизнесийн гараагаа эхэлж, “Сүмбэр” хоршоог байгуулсанаас хойш 20 жилийн хугацаанд “Сүмбэр групп” болгон хөгжүүлж, ХАА, барилгын салбарт амжилттай ажиллаж, орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрийг өндөрөөр үнэлж, аймгийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар аймгийн Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулав.


 

ДАМААГИЙН АРИУНЖАРГАЛ

 

Дамаагийн Ариунжаргал нь 1975 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. 1983-1993 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, 1994-1995 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хязгаарын цэргийн 0146-р ангид цэргийн алба хаасан.

1997 онд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах 37 дугаар ангид гал сөнөөгчөөр орж одоог хүртэл ажиллаж байна. Солонгос-Монголын хамтарсан олон улсын нөхөрсөг марафон гүйлтийн тэмцээнээс 2 алт, 3 хүрэл медаль, Монголын бүх ард түмний ХI спартакиадын 5000 м-ийн зайд 2 удаа шагналт байранд шалгаржээ. 2010 онд Япон-Монголын хамтарсан “Тал нутгийн марафон” олон улсын тэмцээнд 7 орны 60 гаруй тамирчин оролцсоноос 10 км-ийн зайд 3-р байр эзэлж хүрэл медаль, МҮЭ-ийн нэрэмжит “Кроссын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий 6 км-ийн зайд мөнгөн медаль тус тус хүртсэн. Малайз улсын Kuala lumpur хотод зохиогдсон Азийн ахмад мастеруудын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс 1 алт, 2 мөнгөн медаль, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Төрийн тусгай албан хаагчдын марш тактик”-ийн тэмцээнээс багаараа мөнгөн медаль хүртсэн амжилтуудыг үзүүлж байсан. Тэрээр 2012 онд хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн. Хөнгөн атлетикийн холбооны “Хүндэт тэмдэг”, Хөнгөн атлетикийн холбооны 50 жилийн “Хүндэт медаль”, Биеийн тамир спортын газрын “Спортын алдар медаль”, аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”, Хөнгөн атлетикийн холбооны “Марафон” гүйлтийн 40 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байсан.