Говьсүмбэр аймгийн “Мөнгөн үдэш 2017” шинэ оны цэнгүүн зохион байгуулагдаж оны онцлох иргэн, байгууллагууд тодорлоо.

157

imgl1825Говьсүмбэр аймгийн  “Мөнгөн үдэш  2017” шинэ жилийн баяр 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр боллоо.

Мөнгөн үдэш 2017 шинэ жилийн баяр төрийн одон медаль болон аймгийн Засаг даргын шагналаар шагнагдсан иргэд, аймгийн 2017 оны онцлох иргэд, байгууллага хамт олны шагналыг гардуулж, дуу хуур, бүжиг наадмаар чимсэн ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Улиран одож буй 2017 он Говьсүмбэрчүүдийн хувьд амжилт ололт арвинтай ажил үйлс өөдрөг байж аймаг орон нутгийн хөгжил дэвшилд ахицтай жил болжээ.

Аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар  жилийн үйл ажиллагаагаа дүгнэж ажил үйлс, амжилт бүтээлээрээ манлайлсан иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг  2017 оны онцлохоор шалгаруулж  алдаршуулсан.

Говьсүмбэр аймгийн “2017 оны онцлох  байгууллага”-аар “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” ,“Улсын бүртгэлийн хэлтэс”, Монголын зохиолчдын эвлэлийн Говьсүмбэр аймаг дахь “Боржигидай сэцэн” салбарыг тус тус тодруулсан байна.

Говьсүмбэр аймгийн “2017 оны онцлох иргэн”-ээр Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37-р ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын ахлагч Наранцогтын Ганбаяр, “Шивээ-Овоо” ХК-ийн Технологийн автомашины жолооч-оператор Борхүүгийн Цогтсайхан, Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, Цагдаагийн дэслэгч, Соёлын тэргүүний ажилтан Цэнд-Аюушийн Амарболд, “Сансар хайрхан” клубын дасгалжуулагч, ширээний теннисний спортын дэд мастер Дамбын Ганбаатар, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон Улсын хэмжээний мастер Отгонбаатарын Ууганбаатар, Сүмбэр 2 дугаар сургуулийн математикийн багш Чанцалын Буяннэмэх нарыг  шалгаруулсан байна.

     Мөн Говьсүмбэр аймгийн 5-р цэцэрлэг оны шилдэг цэцэрлэгээр шалгарч батламж мөнгөн шагналаар шагнуулжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан Хөдөлмөрийн харилцаа төр хувийн хэвшлийн түншлэл, хөгжлийн төлөө уралдаанд манлайлсан  Гэзэгт ЗБНөхөрлөл, Бүрэн урлан ХХК,  НИК ХК, Шивээговь сумын Оюу дэлгүүр, Говийн сондор ХХК-ууд шагналаа гардан авсан юм.

Говьсүмбэрчүүд та бүхэндээ айлчлан ирж буй 2018 ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн өлмий бат, мэлмий тунгалаг байхын өлзий билэгтэй ерөөлийг дэвшүүлье.