Сэргээн засварласан “Цэргийн алдрын хөшөө”-г хүлээн авав

27

2017-11-10-04Говьсүмбэр аймагт сүндэрлэн, хаа газраас ирсэн зочдын нүдийг хужирлаж, гэрэл зургаа дурсгал болгон дэргэд нь татуулдаг нэгэн сонирхолтой хөшөө байдаг нь Зөвлөлтийн цэргийнхний байгуулсан “Цэргийн алдрын хөшөө” билээ. Монгол Орос хоёр орны найрамдалт харилцааны илэрхийлэл болсон, түүх соёлын үнэт өвийг таниулах ач холбогдол бүхий энэхүү хөшөөг сэргээн засварласан бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 07-нд Говьсүмбэр аймагт боллоо.

2017-11-10-02

Ёслолын ажиллагаанд Зам тээвэр, хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостных, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Б.Баяраа, ОХУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованный, Цэрэг, агаарын цэргийн атташегийн туслах Юрий Владимирович Поддубный, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, УБТЗ-ын Удирдлагын асуудал эрхэлсэн замын орлогч дарга Г.Ганболд, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, ЗДТГ-ын дарга Д.Содном, ИТХ-ын дарга Г.Батзам, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Түүнчлэн аймгийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын салаа, салбарууд, 2017 оны цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний аймгийн аварга тасаг цэргийн ёслолын жагсаалд бэлэн жагссан байсан юм.

Сэргээн засварласан “Цэргийн алдрын хөшөө”-ний нээлтийн ёслолын ажиллагааг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж, “Тэртээ 1921 онд Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээ байгуулж, дипломат харилцаатай болсны 96, Октъябрын хувьсгалын 100 жилийн ойн халуун мэндийг хүргэе. 1969 оноос Зөвлөлтийн цэргийн 41 дүгээр мотобуудлагын дивизийн ангийн салбар манай аймагт байрлаж, эдүгээ бидний амьдарч, ажил төрлөө явуулж байгаа барилга байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулсан түүхтэй юм.

2017-11-10-05

Орос, Монголын хамтын оролцоо, эв нэгдэл, ахан дүүгийн найрсаг харилцааны илэрхийлэл бол 1975 онд агуу их Ялалтын баярын 30 жилийн ойд зориулан босгосон энэхүү 13 метр өндөр “Цэргийн алдрын хөшөө” билээ. Энэхүү хөшөөг зөвхөн Говьсүмбэр аймаг төдийгүй хоёр орны найрамдлын хэмжээний цогцолбор болж, аймаг бүсийн хэмжээнд төрөл бүрийн үйл ажиллагаа зохиогддог, цаашлаад аялал жуулчлалын цомхон цогцолбор болж хөгжөөсэй гэж би хувьдаа боддог юм.

Энэ ч үүднээс уг ажлыг хийх талаар аймгийн Засаг даргын хөгжлийн хөтөлбөртөө оруулан, шат дараатай арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ билээ. Монгол Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүд тохиож байгаа энэ цаг хугацаанд мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн ой тохиож, бүтээлч ажил, санаачилга өрнүүлж байгаагийн нэгэн жишээ нь УБТЗ-ын удирдлагууд, үйлдвэрчний байгууллагууд цаашлаад төр хувийн хэвшлийнхний хамтын хүчээр “Цэргийн алдрын хөшөө”-г сэргээн засварлаж, бүтээн байгуулалтын ажил хийж байгаад баяртай байна.

Энэхүү ажлын эхлэлийг тавихад гүнээ тусалж, дэмжсэн УБТЗ-ын удирдлагууд, ҮЭ-ийн байгууллагууд, ТББ, ард иргэддээ талархлаа илэрхийлж, ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдэе” хэмээлээ. “Цэргийн алдрын хөшөө”-г сэргээн засварлах ажлыг санаачилсан, хөрөнгө мөнгийг нь гаргаж, ажлыг нь эхлүүлсэн хүн бол Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Б.Баяраа ажээ. Тэрбээр ёслолын ажиллагааны хүндэт индрээс “Одоогоос 100 жилийн өмнө дэлхийн чихийг дэлдийлгэсэн нэг том үйл явдал болсон нь яг өнөөдөр тохиожээ.

Яг энэ үетэй давхцаад Монгол Улсад ҮЭ-ийн байгууллага үүссэн байх юм. Орос хүний монгол хүнд нөлөөлсөн нөлөөлөл нь агуу гэж хэлж болно. Үүний үргэлжлэл нь өнөөдрийн бид. Бид цаашлаад үр хойчдоо ч энэ нөхөрлөлийг үргэлжлүүлэхийг захиж, сургах ёстой. Үнэхээр нэг сарын өмнө ирээд харж байсан хөшөө өнөөдөр ямар болчихсон байгааг та бүхэн харж байгаа биз ээ. Энэ хөшөөний үнэ цэнэ, ирээдүйн нөхөрлөлөө цаашид үргэлж хадгалж явахыг хүсэн ерөөе” хэмээсэн юм.

Дараа нь ОХУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Евгений Иванович Лиштованный хуран цугласан олонд хандан “Монголынхоо ард түмнээс, найз нөхдөөсөө бидний нөхөрлөлийн талаар халуун дотно сайхан үгсийг сонсож байгаадаа таатай байна.

2017-11-10-03

Энэ сайхан түүхт өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Искандер Кубарович Азизовын нэрийн өмнөөс энэ сайхан гэгээн дурсгалыг хадгалж, хүндэтгэлтэй хандаж байгаа та бүхэнд талархаж буйгаа илэрхийлье. Энэ хөшөөн дээр маш сайхан энгийн, утга төгөлдөр үг бичигдсэн байна. “Ард түмний бүтээсэн бүхэн маш найдвартай хамгаалагдаж байх ёстой” гэжээ. Тийм ч болохоор ард түмний бүтээсэн энэхүү хөшөөг хамгаалах үүднээс хөшөөний хоёр талд их буу байрлуулсан байна.

Орос, Монголын ард түмэн энх сайхан цагийг авчирах гэж их зовлонг амсч байсан учраас дахин буун дуу гарахгүй байх болтугай гэж би байнга хүсч мөрөөдөж явдаг юм. Ийм сайхан үйл явдлын гэрч болж буйгаараа энд хуран цугласан залуус, хүүхдүүд минь баярлах ёстой юм. Аймгийн удирдлага энэ хөшөөний эргэн тойронд иж бүрэн цогцолбор байгуулах талаар хэлж байна. Тун удахгүй цогцолбор сүндэрлэн босч, энд хүүхэд залуусын инээд хөөр дүүрэн цалгиж байх нь дамжиггүй” гэсэн юм. Ёслолын ажиллагаанд хүндэтгэл үзүүлэхээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан хүрэлцэн ирсэн байв.

2017-11-10-01

Ийнхүү 1975 онд Аугаа их эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулан босгосон энэхүү түүхт хөшөөг сэргээн засварлаж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Оросын найрамдлын сарыг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн “Цэргийн алдрын хөшөө”-г сэргээн засварлахад идэвх зүтгэлтэй ажилласан зарим хүнийг УБТЗ ХНН-ийн даргын тушаалаар шагнаж урамшуулсан юм. Тодруулбал, “Хүндэт төмөр замчин” цол тэмдгээр аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ, “Онц хөдөлгөөнчин” цол тэмдгээр Чойр өртөөний дарга Б.Төгсбаяр, Замын III ангийн замчин Э.Сүхбаатар нарыг шагналаа. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Уул уурхайн политехникийн коллежийн багш Т.Барамсай, Замын III ангийн замчин А.Мөнхбат, Чойр өртөөний туслах ажилтан Ц.Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнасан юм.

 

Ингээд ёслолын ажиллагааны үеэр зарим хүний сэтгэгдлийг сонссоноо хүргэе.

 

Игорь Васильевич Милостных: Энэ бол зөвхөн эхлэл

 

2017-11-10-07/УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга/

-Эдүгээгээс 42 жилийн өмнө энэ хөшөө баригдсан түүхтэй. Өнөөдрийн энэхүү түүхэн үйл явдал бол хоёр орны ард иргэдийн маань найрамдлын илэрхийлэл юм. Олон оронд орос цэргийн хөшөөг нурааж, сүйтгэж байгааг нуух аргагүй. Харин Орос, Монголын найрамдалт харилцаа хэвээр байгаагийн илэрхийлэл, хоёр орны ард түмэн өсөн дэвжих хүсэл мөрөөдөлтэй шүү гэдгийг энэ үйл явдал харуулж байна. Орос, Монголын найрамдлын сарын ажлын хүрээнд хөшөөг сэргээн засварлах ажлыг эхлүүлж, өнөөдөр хүлээн авч байна. Энд хуран цугласан хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ бол зөвхөн эхлэл. Хөшөөг сэргээн засварлаж, цогцолбор болгох ажилд цаашид ч оролцоно.

 

Р.Раш: Энэ хөшөө бол өнгөрсөн түүх

 

2017-11-10-06/Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин/

-Говьсүмбэр аймгийн төв, Чойр өртөөний зангилаан дээр орших Зөвлөлтийн цэргийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх сайхан үйл ажиллагаа болж байна. Би жирийн төмөр замчин хүн. 1978 оны намар сургууль төгсч ирээд, Чойр өртөөний жижүүрээр ажиллаж байсан. Тэр үеэс л Зөвлөлтийн цэргийн тээврийн ажлыг зохицуулах, төмөр зам, цэргйн байгууллагуудын хамтын ажиллагаанд оролцож явсан. Өнөөдөр “Цэргийн алдрын хөшөө”-г сэргээн засварлаж, хүндэтгэл үзүүлж байна. Энэ хөшөө бол өнгөрсөн түүх. Тиймээс түүхээ хаяж, гээхгүй, харин ч улам сайхан болгоод, өөд нь татаж авч яваад нь ахмад төмөр замчин, жиргийн иргэний хувьд талархалтай хандаж байна.

 

Б.Энхтөр: Дурсгалт газар болно гэдэгт найдаж байна

 

2017-11-10-08/Говьсүмбэр аймгийн Нийтийн номын сангийн захирал, Эрэн сурвалжлах сэтгүүлч, зохиолч/

-“Цэргийн алдрын хөшөө”-г 1975 онд босгосон байдаг. Энэ хөшөөг босгохын тулд агуу их Ялалтын 30 жилийн ойд зориулж, анги нэгтгэлүүдийн дунд уралдаан зарлажээ. Үүнээс яг одоо энд сүндэрлэж буй “Цэргийн алдрын хөшөө”-ний загвар батлагдаж, босгосон түүхтэй. Миний хувьд энэ талаар нэлээд судалгаа хийж, “Чойр дахь Зөвлөлтийн цэргийн түүх” номыг эмхэтгэн гаргасан. Манай нутагт алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагчдаас гадна офицер, ахлагч, ажилчдын ар гэрийнхэн төдийгүй, энд төрж, өссөн, бага насаа өнгөрөөсөн олон орос иргэд байгаа учраас тэдний хувьд энэ бол түүхэн дурсгалт газрынх нь нэг яах аргагүй мөн. Цаашдаа орон нутагт бүсийн хэмжээний сургалтын төв, аялал жуулчлалын гол цэг бүхий сайхан дурсгалт газар болно гэдэгт найдаж байна.

 

Х.Чулуунбаатар: Тохироо бүрдэнэ гэдэг шиг их сайхан зүйл болж байна

 

2017-11-10-09/Говьсүмбэр аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, Сүмбэр сумын ҮЭ-ийн холбооны дарга/

-Бид жил бүр Ялалтын баяраар хөшөөн дээрээ ирж, хүндэтгэл үзүүлж, хундага тулгадаг л юм. Энэ газар бол манай аймгийнхны хувьд хамгийн хүндэтгэлтэй, сайхан газар. Тэр ч утгаараа манай аймгийн ард иргэд бүгдээрээ л хөшөөгөө янзалж, сэргээн засварлах хүсэл мөрөөдөлтэй байдаг. Орон нутгийн удирдлагууд маань ч дэмждэг. Яг өнөөдрийн энэ баярт мөчид тохироо бүрдэнэ гэдэг шиг их сайхан зүйл болж байна. Хэрвээ оросууд энд байрлаж, барилга байгууламж босгоогүй бол манай аймаг байхгүй ч байж мэдэх юм. Тэр хүмүүсийн үлдээсэн буянаар л манай аймаг боссон. Тэгэхээр энэ бол Найрамдлын аймаг. Цаашдаа энэ хөшөөний эргэн тойрныг тохи­жуулж, цогцолбор босгох хэрэгтэй.

САНАЛ, ХҮСЭЛТ ҮЛДЭЭХ ХЭСЭГ