ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

С.Уранцэцэг: Иргэддээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

7-27

 

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэгтэй ярилцлаа.

 

-Говьсүмбэр аймгийн хэмжээнд “Иргэдэд үйлчлэх өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-Ард иргэдэд төр засгийн бодлого шийдвэр, төрөөс үзүүлж буй үйлчилгээг нэг цэгээс ил тод, нээлттэй, хүртээмжтэй үзүүлэх, тэдний өргөдөл гомдол санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхээс гадна Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа. “Иргэдэд үйлчлэх нээлттэй хаалганы өдөр”-т манай аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс болон харьяа агентлагууд оролцсон. Тухайлбал, Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, Боржигин чуулга, Говьсүмбэр аймгийн музей, Нийтийн номын сан, Политехникийн коллеж, Бөмбөгөр сумын сургууль зэрэг байгууллага оролцлоо. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, холбогдох материал тараах, иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулсан. Мөн манай аймгийн Боржигин чуулгын уран бүтээлчид болон цэцэрлэгийн багачууд уран бүтээлийн дээжсээсээ тоглож, сонирхууллаа. Түүнчлэн “Говьсүмбэр аймгийн дууг хэн сайн мэдэх вэ” дууны тэмцээн, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, үйлчилгээ, зорилтот бүлгийн иргэд болон хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах, эмийн хямдралтай худалдаа, хоол тэжээлийн зөвлөгөө өгөх, шинэ номын үзэсгэлэн, номын худалдаа, уншигчийн карт нээх, явуулын үзэсгэлэн зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж, танилцууллаа.

Хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн төвшинг тогтоох, сорил авах, спортын үзүүлэх тоглолт, ЭЕШ болон анги дэвших улсын шалгалтын талаархи мэдээлэл, сургууль, цэцэрлэгийн “Үдийн цай хөтөлбөр”-ийн хоолны амталгаа, мэргэжлийн сэтгэлзүйч зөвлөгөө өгөх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез, ортопедийн үйлчилгээ үзүүлэх, Хөдөлмөр эрхлэх сангийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг танилцуулж, ажиллалаа. Энэ жилийн “Иргэдэд үйлчлөх өдөр” өдөрлөг тун онцлогтой болсон. Өмнө нь байгууллага бүр тусдаа зохион байгуулдаг байсан бол энэ жил Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа бүх байгууллага өдөрлөгт оролцож буйгаараа онцлогтой. Бид өдөрлөгийн цар хүрээг нэмэгдүүлэх, Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, түүний харьяа байгууллагуудын хүрээнд зохион байгуулсан юм.

 

-Танай хэлтэс энэ онд нийг­мийн салбарыг хөгжүү­лэхэд чиг­лэсэн ямар ажлыг хийж хэ­рэг­жүүлэхээр төлөвлөсөн бэ?

 

-Манай аймаг нийгмийн бодлогын хүрээнд хүнээ хөгжүүлэх, нийгмийн салбараа хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2016-2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, дэд бүтцийг сайжруулах, хүүхэд залуучуудаа хөгжүүлэх, ажилтан албан хаагчдыг мэргэшүүлэх зэрэг ажлыг тусгасан. Бид эдгээр ажлаа эрчимжүүлэх үүднээс аймгийн хэмжээнд есөн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнээс нийгмийн салбарт эрүүл мэндийг дэмжих, боловсролыг хөгжүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх, биеийн тамир спортыг хөгжүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн дэд хөтөлбөрүүдийг батлуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бид энэхүү дэд хөтөлбөрүүдийн хүрээнд орон нутагт олон шинэлэг ажлыг зохион байгуулж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, энэ он гарсаар Гэр бүл хүүхэд, залуучуудад зөвлөгөө өгөх өрөөг ашиглалтад оруулан мэргэжлийн сэтгэлзүйч зөвлөгөө өгч эхэлсэн. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдсантай холбогдуулан түр хамгаалах байрны асуудлыг шийдвэрлэлээ. Одоогийн байдлаар V сургуулийн дотуур байрны гадаад засварыг хийж дуусган, Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр гадаад болон дотоод заслыг хийж байна. Манай аймаг энэ жил Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинэ байранд оруулсан. Ингэснээр иргэд тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдсэн. Мөн энэ онд Сүмбэр суманд 100 хүүхдийн хүчин чадалтай Канад цэцэрлэгийг ашиглалтад хүлээж авна. Түүнээс гадна II сургуулийн 640 хүүхдийн шинэ барилгын ажил эхлэхээр болсон. Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын хөрөнгийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Бид ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах, дэд бүтцийн ажлыг хийхдээ иргэдийн санаа бодлыг сонсч, бодлого, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг.

 

-Сургууль, цэцэрлэгийн бү­тээн байгуулалтын ажил өрнөж байна гэлээ. Ер нь бага насны хүүхдүүд боловсролын үйлчилгээг бүгд авч чадаж байна уу. Сургууль, цэцэр­лэ­гийн хүрэлцээ хэр байдаг вэ?

 

-Манай аймаг бусад аймгуудтай харьцуулахад хүн амын хувьд бага байдаг. Үүнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ сайн. Тэр дундаа сургуулийн өмнөх боловсролд аймаг, сум, багийн нийт хүүхдүүд бүрэн хамрагдаж байна. Одоогийн байдлаар манай аймагт төрийн тав, хувийн таван цэцэрлэг, улсын таван сургуульд нийт 3024 хүүхэд суралцдаг. Гэхдээ нэг сул тал бий. Манай аймагт багш нарын ачаалал маш их байдаг. Тухайлбал, нэг ангид 20 хүүхэд байх ёстой бол манай аймгийн багш нар 50-60 хүүхэдтэй ажиллаж байна. Мөн манай аймагт мэргэжлийн болов­сон хүчин бэлтгэдэг Уул уур­хайн политехникийн коллеж бий. Энэхүү коллежид нийт 15 мэр­гэж­лээр 797 оюутан суралцаж байна.

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд хэр­хэн анхаарч ажилладаг вэ?

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дийг дэмжихэд бид анхаарч ажилладаг. Тэдний сурч боловсрох орчинг бүрдүүлэх, ажлын байраар хангах зэрэг ажлыг хийдэг. Мөн тэдний эрх тэгш байдлыг хангах үүднээс ЕБС-д хамруулж байна. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлан тусгай сургуульд явуулдаг байсан. Бид үүнийг буруу гэж үзсэн учраас ЕБС-д хүүхдүүд сурч, боловсрол эзэмшиж байгаа. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэм­жи­хийн тулд ур чадварын сур­галтыг энэ чиглэлээр үйл ажил­ла­гаа явуулдаг төрийн бус байгуул­лага болон олон улсын байгууллага­тай хамтран зохион байгуулдаг.

 

-Танай аймгийн иргэд хэчнээн төрлийн халамжийн үйлчилгээг авч байна вэ. Хөдөө, орон нутагт халамжийн үйлчилгээг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгардаг вэ?

 

-Би манай аймаг бусад аймгуудтай харьцуулахад сум бага учраас хүн амын хувьд ч бага байдаг тухай дээр хэлсэн. Тийм учраас мөн л халамжийн үйлчилгээ хүртээмжтэй байдаг. Халамжийн үйлчилгээ авах шаардлагатай иргэдийг энэхүү үйлчилгээнд бүрэн хамруулж байна. Халамжийн тухай хууль 2012 онд шинэчлэгдсэн. Тус хуульд заасанчлан нийгмийн халамжийн тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмж, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ иргэд авч байна. Тодруулбал, өндөр настны тэтгэвэр, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн гэх мэтчилэн Халамжийн тухай хуульд заасны дагуу иргэд халамжийн үйлчилгээг бүрэн авч байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах зорилгоор Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны чийрэгжүүлэлтийн танхим байгуулах тухай тусгагдсан. Зорилтот бүлгийн иргэдийн амьдрах ая тухтай орчинг бүрдүүлэхийн тулд шинээр баригдаж буй байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байх тухай заасан. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, тэднийг ажлын байранд авч ажиллуулах талаар бүх аж ахуйн нэгжийн албан тоот, үр  дүнгийн гэрээнд нь суулгалаа. Энэ мэтчилэн зорилтот бүлгийн иргэдээ дэмжсэн, халамжийн үйлчилгээг эрх тэгш үзүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

 

-Ирэх зургадугаар сард төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Танай аймагт ЭЕШ өгөх хэчнээн сурагч байна вэ. Тэдэнд мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна уу?

 

-Манай аймагт ерөнхий боловсролын сургуулийн XII анги төгсөх 364 хүүхэд бий. Төгсөх ангийн сурагчдын хувьд мэргэжил сонголтын асуудал маш чухал байдаг. Учир нь тухайн хүүхдийн сонгох мэргэжил маш олон зүйлтэй холбогддог. Жишээлбэл, мэргэжлээ зөв сонгоогүйгээс болж их сургуулиа хаях, төгсөөд ажлын байр олдохгүй байх, цаашилбал улс орны хөгжилтэй ч холбоотой байдаг. Тухайн сурагч мэргэжлээ зөв сонговол ажлын байртай байхаас гадна улс, эх орныхоо хөгжилд ч хувь нэмрээ оруулах юм. Улсын хөгжлийг харъя гэвэл хувь хүний хөгжлийг нь хар гэж үг байдаг. Монгол Улсын Засгийн газраас харьяа яамд, агентлагаараа дамжуулан нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаанд үндэслэн эрэлт ихтэй 20 мэргэжлийг тодорхойлсон байдаг. Мөн БСШУСЯ-аас их, дээд сургуульд элсэгчдэд зориулан  Монгол Улсад хамгийн хэрэгцээтэй, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалтыг салбар тус бүрээр нь нарийвчлан гаргасан. Үүнээс харахад, мэргэжил сонголт гэдэг тухайн хүүхдэд маш чухал асуудал. Тиймээс манай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор зөвлөгөө, сургалт, лекцийг зохион байгуулсан. Бид мэргэжил сонголттой холбоотой нийт дөрвөн удаагийн сургалт, лекцийг үе шаттайгаар уншсан.

 

-Хөдөө, орон нутагт ажлын байрны олдоц муу байдаг. Ажил олдохгүйгээс болж залуучууд Улаанбаатар хотыг зорих болсон. Танай аймгийн хувьд ажлын байрыг нэмэгдүүлэх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?

 

-Манай аймаг дэд бүтэц сайтай учраас иргэдийн хот руу шилжих хөдөлгөөн харьцангуй бага байдаг. Харин эсрэгээрээ зарим аймаг болон нийслэлээс иргэд манай аймагт ирж, суурьшдаг. Бид иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх тухай Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд оруулсан. Манай аймагт Шивээ-Овоогийн уурхай ажилладаг. Өөр жижиг, том үйлдвэр байдаггүй. Ер нь төмөр зам, уул уурхай төвлөрч ажилладаг. Томоохон үйлдвэр байхгүй учраас ажлын байрны олдоц тийм ч хангалттай биш. Гэхдээ сүүлийн үед залуучууд ажил, мэргэжлийг голох болсон. Түүнээс болж олдсон ажлаа хийхгүй, ажлын байраа орхиж явах зэрэг хандлага нэмэгдсэн.

 

-Говьсүмбэр аймаг соёл, урлагийн үйл ажиллагааг илүү дэмжиж ажилладаг юм шиг санагдлаа. Бага насны хүүх­дүү­дэд урлагийн боловсрол олгох, соёл, урлагийн салбарыг хөг­жүү­лэхэд ямар ажил хийж, хэ­рэг­жүүлэхээр төлөвлөсөн бэ?

 

-Манай аймаг бусад аймгийг бодвол нэг давуу талтай. Яагаад гэвэл манай аймагт дуу бүжгийн Боржигон чуулга байдаг. Тиймээс соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудыг урлагаар хичээллүүлэхэд том дэмжлэг болдог. Тус чуулга нь УБХ-ын 1991 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Чойр хот байгуулагдахад Чойр хотын Захирагчийн шийдвэрээр “Соёлын ордон” нэртэйгээр Орос цэргийн ангийн “Соёлын ордон”-ы байранд 22 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан түүхтэй. Одоогийн байдлаар нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Аймагт маань бүхэл бүтэн дуу бүжгийн чуулга байгаатай холбогдуулан хүүхэд, багачуудын сонирхол ч дуу хөгжимд татагдаж байна. Тухайлбал, манай аймгийн цэцэрлэгийн багачууд ямар нэгэн хөгжмийн зэмсгийг эзэмшин төгсдөг. Хийл, чулуун хөгжим, ёочин зэрэг олон хөгжмөөр хичээллэдэг. Хүүхэд, багачуудын авьяасыг нээх, хөгжмийн боловсрол олгох зорилгоор манай I цэцэрлэгээс санаачлан цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд хөгжмийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Манай орон нутгийн удирдлага ч соёл, урлагийн салбарыг сайн дэмжиж ажилладаг.

 

-Хүүхэд, залуучууд төдийгүй иргэдийн хувьд бие бялдрын хөгжил маш чухал. Танай аймагт хэчнээн спортын секц хичээллэж байна вэ?

 

-Бид спортын салбарыг дэмжиж, аймаг орон нутагтаа хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Манай аймаг спортын олон төрлөөр улсын болон бүсийн хэмжээнд томоохон амжилтуудыг үзүүлдэг. Үүнд гар бөмбөгийн спортыг онцлохгүй байхын аргагүй. Энэ спортын төрлөөр Говьсүмбэр аймаг Монгол Улсдаа дээгүүр рейтингтэй байдаг. Одоогийн байдлаар манай залуучууд гар бөмбөг, сагсан бөмбөг, хөлбөмбөг, жүдо, бокс зэрэг спортоор хичээллэж байна.

 

-Спортын төрлийг нэмэг­дүүлэхэд ямар ажил хийж байна вэ?

 

-Бид аймгийн хэмжээнд спортыг хөгжүүлэхийн тулд Засаг даргын нэрэмжит шигшээ баг бүрдүүлэхээр болсон. Сүүлийн үед гарч ирж байгаа шинэ спортын төрлийн секцийг аймаг, орон нутагтаа хийх талаар судлаж байгаа. Бид аль болох спортын төрлийг нэмэгдүүлэх, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажилладаг.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us