ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн албаа чадавхижуулж, хууль ёсыг дээдлэж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо

2017-03-24-01Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон аймгийн Засаг даргын Тамгын газар, Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөл хамтран орон нутгийнхаа төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилт, эрх зүйн шинэчлэл, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, стратеги төлөвлөлт, манлайлан удирдах мэдлэг чадварыг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, нийт албан хаагчдад хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. Энэ сарын 23-нд болсон эхний өдрийн сургалт өглөөний 09:00 цагт Боржигин чуулгын байранд нээлтээ хийсэн юм. Сургалтын үйл ажиллагааг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж үг хэллээ.

 

Г.Батсуурь: Хууль ёсыг дээдлэж, хариуцлагатай байдлыг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгон ажиллаарай

suuri-darga-2017-03-24

/Говьсүмбэр аймгийн Засаг дарга/

-Төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилт, эрх зүйн шинэчлэл, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхижуулах зорилгоор Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна. Энэ онд бид төсвийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг багасгах, бизнесийн таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зохион байгуулах, иргэдийн амгалан тайван амьдрах орчинг бүрдүүлж, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг чадавхижуулж, ил тод нээлттэй, авилга, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтуудыг тавьсан.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагч та бүгдийн хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, ажилдаа хандах хандлага, ур чадвар нэн чухал юм. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүйг сайжруулахад чиглэсэн дэд хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлж эхэллээ. Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварын түвшинг дээшлүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлага, хариуцлагыг дээшлүүлж, төрийн албаны мэргэшсэн, чадварлаг байх нөхцлийг бүрдүүлж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна.

Хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын манлайлал, ёс зүй, харилцаа хандлага, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн шат шатны сургалтыг зохион байгуулж, гадаад, дотоодын сургалт, семинар, уулзалт, зөвлөгөөнд оролцуулж, туршлага судлуулах, төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тэргүүлэгч чиг үүрэгтэйгээр хамтран мэдлэг чадвар, шударга ёсыг эрхэмлэн ёс зүйтэй, үнэнч, хурдан шуурхай, хууль ёсыг дээдлэж, хариуцлагатай байдлыг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгон ажиллахыг та бүхэндээ хүсэн ерөөе.

Ийнхүү сургалтын үйл ажиллагаа эхэлж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг “Төрийн албаны эрхзүйн шинэчлэл”-ийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Төрийн албаны зөвлөл гэдэг нь Монгол улсын төрийн албаны төв байгууллага бөгөөд Монгол Улсад төрийн албыг улам хүчирхэг болгон хөгжүүлж, төрийн албаны бие даасан хараат бус байдлыг төлөвшүүлж, төрийн албан хаагчдыг чадавхижуулж, тэдгээрийн хууль ёсны эрх ашиг, нийгмийн хамгааллыг амьдралд хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг улс төр, авилгал, хээл хахуулиас ангид байлгаж, төрийн албанд хоёргүй сэтгэлээр тогтвор сууршилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг байгууллага юм. Энэхүү сургалтыг явуулахаар бид дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын санаачилгаар зохион байгуулж буй сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээсэн. Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Баатарзориг “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага”, Ахлах референт Г.Зоригтбаатар “Үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх арга зүй” сэдэвт илтгэлийг тавьсан юм.

Түүнчлэн төрийн албанд олон жил ажиллаж байсан туршлагатай хэмээн үнэлэгддэг Сүмбэр сумын III багийн иргэн Д.Амарсайхан “Төрийн албаны туршлага, залгамж чанар” сэдвээр илтгэл тавилаа.

Мөн энэхүү сургалтын үеэр төрийн жинхэнэ албан хаагчдыг тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Төрийн жинхэнэ албан хаагчдыг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж, “Төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчид “Төрийн албан хаагч”-ийн тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч болдог уламжлалтай. Өнөөдөр тангаргаа өргөж төрийн жинхэнэ албан хаагч болж буй албан хаагчиддаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Манай аймгийн хэмжээнд 1242 төрийн албан хаагч байгаагаас насны ангиллаар авч үзвэл 63 хувийг 40 хүртлэх насны залуучууд эзлэж байгаа нь төрийн алба залуужиж байгаагийн нэг илрэл юм. Өнөөдөр ч мөн залуу боловсон хүчнээр төрийн алба өргөжин тэлж байгааг харахад баяртай байна. Төрийн алба нь иргэдэд ойр, уян хатан, идэхи, санаачлагатай бөгөөд цомхон, чадварлаг, үр дүнд чиглэсэн манлайлагч менежер бүхий албыг бүрдүүлэхэд оршино гэж зорилтоо тавьсан байдаг. Та бид өмнөө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан улс төр, авилгал, хээл хахуулиас ангид байж, төрийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллах ёстой.

Тэр ч утгаараа өнөөдөр төрийн албанд орж тангараг өргөх гэж буй залуучууд болон нийт албан хаагчиддаа хандахад төрийн бодлогыг ард иргэдэд хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэж, шударга ёсыг дээдлэн, хариуцлагатай ажиллахыг хүсч байна. Мөн өргөсөн тангарагтаа үнэнч байж, мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэн, төрийн албаны стандартыг баримтлан, хууль ёсыг эрхэмлэж, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсье” хэмээсэн юм. Энэ өдөр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийн захирамжаар төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцэн, туршилтаар ажиллаж байх хугацаандаа цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан аймгийн ЭМГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудит, байгууллагын ил тод байдал хариуцсан мэргэжилтэн Дашхорлоогийн Нарансолонго, Хуулийн зөвлөх, архив, бичиг хэрэг, даргын туслах хариуцсан мэр­гэжилтэн Даваадоржийн Номин, МХГ-ын Барилга, техникийн хя­налтын улсын байцаагч Энхбатын Амарсайхан, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Мэдээллийн сан, техник программ хангамж хариуцсан мэргэжилтэн Батзулын Мянганбаяр, Сүмбэр сумын ЗДТГ-ын даамал Баяраагийн Баасанбат, Шивээговь сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, худаг ус хариуцсан мэргэжилтэн Лувсандоржийн Хулан, Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Төмөрбаатарын Цэвэлмаа нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангар­гаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ”  хэмээн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Үдээс хойшхи сургалт аймгийн ОБГ-ын хурлын танхимд үр­гэл­жил­сэн бөгөөд төрийн бай­­гуул­лагуу­дын удирдах албан тушаалт­нууд хамрагдсан юм. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан “Төрийн албаны стандартын хэрэгжилт, анхаарах асуудал”, Ахлах референт Г.Зоригтбаатар “Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлт”, Ахлах референт Г.Сосорбарам “Ажлын байрны тодорхойлолт”, “Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт” сэдвээр илтгэл тавьсан юм.

Энэ үеэр улс, орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог дуугарсан тул сургалтад оролцог­сод  нэгдсэн зохион байгуулалтад орж, гамшгаас хамгаалах дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан юм. Ийнхүү эхний өдрийн сургалт амжилттай болж өндөрлөн, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном хаалаа. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга, Говьсүмбэр дэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Содном болон Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан нартай цөөн хором ярилцлаа.

 

Д.Содном: Төрийн албан хаагчид маань нэлээд олон зүйл сурч, өмнө сурснаа бататган авлаа.

sodnom-darga-2017-03-24

/Аймгийн ЗДТГ-ын дарга, Говьсүмбэр дэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга/

-Аймгийнхаа нийт төрийн албан хаагчдынхаа иргэдтэй харилцах харилцаа, ёс зүй, ажил үүргээ хэрэгжүүлэх чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг  дээшлүүлэх зэрэгт анхаарч, энэ чиглэлээр төрийн албан хаагчийг чадваржуулах сургалтыг аймгийн ЗДТГ, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хамтран зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх сургалтын маань агуулга гурван бүлэгтэй. Нэгдүгээрт, нийт төрийн захиргааны болон төрийн албан хаагчид, хоёрдугаарт, төрийн албаны удирдах албан тушаалтнууд, гуравдугаарт Төрийн албаны салбар зөвлөл болон Ёс зүйн хорооны дарга нарыг сургалтад хамруулахаар зорьсон.

Манай аймаг нийт 1242 төрийн албан хаагчтай. Өнөөдөр төрийн албан хаагчид маань найман албан хаагчаар бүл нэмлээ. Мөн төрийн алба маань залуучуудаар бэхжиж, төрийн албаны үйл ажиллагаа чадавхижиж байна гэж бид үзэж байгаа. Мөн аймгийн маань хувьд төрийн албан хаагчдын хөдөлгөөн харьцангуй гайгүй. Удирдах бүрэлдэхүүний хүрээнд таван ажлын байр зарлагдсан.

Төрийн албан хаагчдын хувьд бол сул 27 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан. Одоо бол дөрвөн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлачихаад байна. Ерөнхийдөө төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотойгоор албан хаагчдаа чадавхижуулах, тэднийг дадлагажуулах, ажилдаа эзэн болохыг нэлээд шаардаж байгаа. Энэ удаагийн сургалтаар төрийн албан хаагчид маань үйл ажиллагаагаа хянаж, өөрсдийгөө үнэлж дүгнэх, алдаа оноогоо цэгнэх зэрэгт анхаарна гэж бодож байна.

Мөн удирдах ажилтнууд маань төрийн албаа сайн явуулах, төрийн албан хаагчидтай холбоотой шийдвэр гаргахдаа эрх зүйн орчноо сайн мэдэрч байх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ үйл ажиллагаагаа хянах, ямар стандартаар яаж хэрэгжүүлэх ёстой юм, хандлага нь ямар байх ёстой юм гэдэг дээр нэлээд олон зүйл сурч, өмнө сурснаа бататган авч байгаа байх гэж бодож байна. Манай Төрийн албаны салбар зөвлөл 2017 оны хоёрдугаар сард шинэ бүрэлдэхүүнтэй болсон. 2016 оны арваннэгдүгээр сард миний бие салбар зөвлөлийн даргаар томилогдсон.

Ингээд бүрэл­дэ­хүүнээ Төрийн албаны зөвлөлөөр шинэчилж батлуулсан. Он гарсаар долоон удаа хуралдаж, төрийн албаны сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хоёр удаа явуулсан. Мөн төрийн албан хаагчтай холбоотой хоёр гомдол ирснийг, шийдвэрлэх комисс гарган, шийдүүлэхээр ажиллаж байна. Цаашид бид аймгийн нийт төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд төрийн албаны  стандартын хэрэгжилтийг хангуулахаар манай салбар зөвлөлийн гишүүд бүлэг болон бүх төрийн байгууллагуудаар явж, үнэлэлт дүгнэлт хийж байна.

Энэ хүрээндээ зөвлөгөө зөвлөмж өгөхийн зэрэгцээ хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдыг чадавхижуулах, ёс зүйн хандлагыг дээшлүүлэх, хууль зөрчихгүйгээр иргэдэд үйлчлэх үйлчилгээний чиглэлийг баримтлан ажиллахаар тусгасан. Үүнийхээ хүрээнд сургалт, сурталчилгааны ажлуудыг нэлээд эрчимтэй явуулахаар төлөвлөж байна. Эхний хагас жилдээ багтаагаад дахин нэг сургалт явуулна гэсэн чиглэлтэй байгаа.

 

Д.Баатарсайхан: Төрийн албаны зүгээс иргэдийг чирэгдүүлэхгүй хурдан, шуурхай, хуулийн хугацаанд үйлчилгээ үзүүл гэдэг зөвлөмжийг өгч ажилладаг

baatarsaikhan-2017-03-24

/Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга/

-Төрийн албаны тухай хуульд төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ хэмээн заасан байдаг.

Өнөөдөр улсын хэмжээнд 186 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Тэдгээр төрийн албан хаагчдыг чадавхижуулах, хөгжүүлэх чиглэлээр Төрийн албаны зөвлөлөөс сургалт зохион байгуулдаг. Төрийн албаны зөвлөл сургалтын байгууллага биш хэдий ч төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, зөрчихгүй байх тал даар мэдлэг олгохын тулд ажлын байран дээр нь сургах үйл явцыг зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд Говьсүмбэр аймагт төрийн захиргааны албан хаагчдын нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтын хүрээнд төрийн албаны хууль тогтоомж, стандартыг хэрхэн сахиж ажиллах вэ, ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн боловсруулах вэ зэрэг сэдвээр илтгэл тавьж байна.

Мөн ёс зүй, хариуцлагын талаар хичээл орж байна. Үүнээс гадна төрийн албаны шимтгэл, эрхзүйн баримт бичиг, баримталж байгаа бодлого шийдвэрүүдийн талаар ярьж байна. Одоогоор Төрийн албаны зөвлөлд 48 салбар зөвлөл ажиллаж байгаа. Түүний нэг нь Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл. Тус салбар зөвлөлөөс төрийн албан хаагчдаа чадавхижуулах хүрээнд аймаг, сумдын Засаг дарга, аймгийн ЗДТГ хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж байна.

Бидний хувьд төрийн байгууллагуудаар яваад боломжтой цаг хугацаа, төлөвлөгөөнд туссан байдлыг нь харгалзан үзэж, хүсэлт ирүүлсэн үед сургалт зохион байгуулдаг. Төрийн албаны хуульд төрийн албан хаагчдыг нийгмийн баталгааны болон сургалт үйлчилгээний хөтөлбөртэй бай гээд хуульчилчихсан байдаг. Тэгэхээр цаашид бид хууль тогтоомжоо боловсронгуй болгож, төрийн албан хаагч, төрийн байгууллага тал руугаа хандуулъя гэсэн чиглэлтэй байгаа.

Тухайлбал, төрийн албанд дадлага туршлагагүй хүмүүс ажиллаад байна гэдаг маргаан үүсдэг. Үүнийг таслан зогсоохын тулд төрийн алба дотроо карьерын зарчмаар өсч дэвждэг, албан тушаал дэвшдэг тогтолцоог бүрдүүлэх ёстой. Энэ чиглэлээр зарим ажлуудыг санаачилж, эхлүүлээд байна. УИХ-ын гишүүд болон төрийн албаны зарим гишүүдийн санаачилсанаар төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр хуулийн төсөл явж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Төрийн албаны  тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар нэг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлчихсэн.

Эдгээр эрх зүйн актууд батлагдаад ирвэл дүрэм журмыг шинэчлэхээс эхлүүлээд хийх ажил их бий. Иргэдийн зүгээс янз бүрийн гомдол гаргадаг. Бид хууль тогтоомжийн хүрээнд л ажлаа гүйцэтгэж байгаа. Гэтэл аливаа нэг төрийн албан дээр очсон иргэн өнөөдөр өргөдөл өгчихөөд л хариуг нь тэр дороо авах гэж зүтгэдэг. Гэтэл өргөдлийн дагуу шалгах шаардлага тулгардаг. Үнэхээр бодитой үр дүнтэй, өөрт нь өгөөжтэй хариу авъя гэвэл хуулийн хугацаа, заавал 30 хонуулна гэхгүй.

5-10 хоногт багтаагаад хариуг өгчих болоцоотой. Тэгэхээр өнөөдөр өргөдөл өгчихөөд л өдөртөө хариугаа авна гэхээр энэ ажил компьютерийн нэг товч дараад л болчихдог юм биш. Тийм учраас хариугаа тэр дороо авч чадаагүй хүмүүс төрийн алба хүнд сурталтай байна гээд шүүмжлээд эхэлдэг. Өөрөөр хэлбэл, иргэ­дийн өөрсдийнх нь хууль эрх зүйн мэдлэг, хүлээцтэй байхаас нь шалтгаалаад хүндрэлтэй асууд­лууд гардаг. Үнэндээ ир­гэ­ний үнэмлэх солиулах гэж бай­гаа хүн хугацаанд нь бичиг барим­таа бүрдүүлж өгөөд заа­сан хугацаандаа очоод авчихдаг бол ийм асуудал үүсэхгүй. Ийм байдлаас үүдээд хүнд сур­тал­тай гэдэг яриа гардаг.

Тэгэх­дээ зарим тал дээр тө­рийн албан хаагч үнэхээр хүнд суртал гаргасан байхыг үгүйс­гэх­гүй. Үйлчилгээний ажил­тан дадлага туршлага дутуу байх, ажлын байрны нөхцөл байд­лаас шалтгаалаад хүнд сур­тал гар­га­даг зүйл байхыг үгүйс­гэх­гүй. Ихэнхдээ татвар, гааль, эмнэлэг, сургууль гээд энэ төрлийн үйл­чил­гээ үзүүлдэг байгууллагууд дээр гомдол гардаг. Тиймээс Төрийн албаны зүгээс аль болох иргэдийг чирэгдүүлэхгүй хурдан, шуурхай, гэхдээ хуулийн хугацаанд үйлчилгээ үзүүл гэдэг зөвлөмжийг өгч ажилладаг. Сургалтын хоёр дахь өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд үргэлжилсэн бөгөөд энэ өдөр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүд сургалтад хамрагдсан юм.

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан “Салбар зөвлөлийн чиг үүрэг”, Ахлах референт Г.Зоригтбаатар “Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах”, “Ёс зүйн хорооны ажиллах журам, анхаарах асуудал”, “Төрийн албатай холбогдон гарсан маргааныг шийдвэрлэх” зэрэг сэдвээр илтгэл тавьсан бол Ахлах референт Т.Сосорбарам “Удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах” сэдвээр үзүүлэх дадлага хийлгэлээ.

Мөн энэхүү сургалтын үеэр Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр нэг хүнийг онцлон шагнасан юм. Шагналын журамд зааснаар төрийн албанд 18-аас доошгүй жил ажиллаж, төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн, мэргэжлийн өндөр ур чадвар, амжилт гаргасан, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчийг шагнадаг.  Энэхүү шагнал нь  цөөн хүнд, өндөр шалгуураар олгодог нэр хүндтэй шагнал ажээ.

Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар зохион байгуулалтын төлөвлөлт өмчлөл хариуцсан мэргэжилтэн Дөшийн Ганзориг тодорсон байна. Тэрбээр төрийн албанд тасралтгүй 20 жил ажилласан бөгөөд төрийн албаны үйлчилгээг иргэдэд хүргэхэд өөрийн мэдлэг боловсрол, авъяас чадвараа дайчлан ажилладаг, төрийн албаны чиг үүргээ үнэнч шударга, идэвх санаачилгатай, үр бүтээлтэй гүйцэтгэж, тогтвортой амжилт гарган төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан  төрийн албан хаагч ажээ. Тиймээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны гуравдугаар сарын 21-ний 66 тоот тогтоолоор түүнийг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг сургалтын үеэр гардуулан өглөө.

Дашрамд дурьдахад, Монгол Улсын төрийн албаны тогтол­цоог боловсронгуй болгон бэх­жүү­лэхийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан олон түм­ний  хүндэтгэл хүлээсэн  төр, нийг­мийн ахмад зүтгэлтэн, тө­рийн албан хаагчдыг олон ний­тийн оролцоотойгоор тодруулан “Тө­рийн албаны тэргүүний ажил­тан” цол тэмдгээр шагнах санаачилгыг Төрийн албаны зөвлөл анх удаа гаргаж, энэхүү санаачилгын дагуу нээлттэй санал асуулга явуулсан байдаг. 2017 онд явуулсан нээлттэй санал асуулгад оролцсон нийт 1200 гаруй иргэний олонхи нь Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, гавьяат эдийн засагч Думаагийн Содном, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Доржийн Мөнхөө нарт  санал өгснөөр тэргүүлж, тэдэнд Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгийг гардуулан өгч байжээ. Харин 2017 он гарсаар гурав дахь тэргүүний ажилтан нь Говьсүмбэр аймгаас тодорсонд аймгийн удирдлагууд болоод иргэд тун бахархалтайгаар хүлээн авсан юм.

tangarag-2017-03-24-01 tangarag-2017-03-24-02 tangarag-2017-03-24-03 tangarag-2017-03-24-04 tangarag-2017-03-24-05

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us