Журмын төсөлд санал авч байна

82

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ
УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

/Төсөл/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журам нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл \цаашид тусгай зөвшөөрөл гэх\-ийг аж ахуйн нэгжид олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авах, уг зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад ирүүлэх бөгөөд аймгийн Засаг даргын дэргэд орон тооны бус зөвлөл ажиллана.

1.3. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон энэхүү журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай асуудлыг Аймгийн орон тооны бус зөвлөлийн саналыг үндэслэн аймгийн Засаг дарга шийдвэрлэнэ. Орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг Засаг дарга батална.

Хоёр. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

2.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

2.1.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт,

2.1.2 Аймгийн татварын албанд албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн бүртгэлийн хуудас /Суутгалын дугаарыг бичсэн байна/,

2.1.3 Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх,

2.1.4 Тохирлын гэрчилгээний хуулбар,

Тохирлын гэрчилгээний хуулбар хувь /Тухайн ажлын байранд заавал мөрдөх стандартын шаардлагын 85%-иас дээш үзүүлэлтийг хангасан байх/

Ажлын байр, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тохирлын гэрчилгээгээр баталгаажсан байх.

2.1.5 Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд)

2.2. Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичигт эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факс, цахим хаяг зэргийг тодорхой дурдсан байна.

Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид тавигдах шаардлага

3.1. Аж ахуйн нэгж нь дараах нөхцөл, шаардлага хангасан байна.Үүнд:

3.1.1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1, 6.9-д заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээллээ бүртгүүлж эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байх; /Бага эрсдэлтэй үнэлэгдсэн байх/

3.1.2. Үйл ажиллагааны төрлөөс хамаарч Худалдааны үйлчилгээ, Худалдааны байгууллагын ангилал, тодорхойлолт MNS 6506:2015¤, Худалдааны газар, түүний үйлчилгээ.Ерөнхий шаардлага MNS 5021:2007¤, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага  MNS 4946:2019¤ стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх; Монгол Улсын стандартад заасан шалгуур үзүүлэлтийг хангаж, тохирлын гэрчилгээг авсан байх

3.1.3. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх;

3.1.4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан хориглосон газарт байршаагүй байх;

3.1.5. Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй, санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд тайлагнадаг, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд заасны дагуу Е-баримтыг тогтмол олгодог байх;

3.1.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх;

3.1.7. Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартын шаардлага хангасан шөнийн цагаар зураг авдаг бичлэгийг 30 өдрөөс дээш хугацаагаар хадгалдаг санах ойтой телекамертай байх.

3.1.8. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулж буй обьектынхоо эргэн тойрны 50 метр газрын цэвэрлэгээг хариуцан ажиллаж, гадна талынхаа зам, талбайг тохижуулж автомашины зогсоолтой байх, гадна хаягийг өөрийн нэр бүхий лого, цагийн хуваарьтай монгол хэл дээр, крилл үсэг болон Монгол бичгээр бичиж харагдахуйц байршуулсан орчин үеийн шаардлага, стандартад нийцүүлсэн гэрлэн хаягтай байх ба гадна гэрэлтүүлгийг 10-20 метрт байгаа эд зүйл харагдах, бичлэгт орж байхаар хийсэн байна.

Дөрөв. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах

4.1. Аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ /шинээр олгох, сунгах/ Аймгийн Засаг даргад гаргах ба энэхүү журмын 2.1-2.2-т заасан материалыг ирүүлнэ.

4.2. Аймгийн орон тооны бус зөвлөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж аймгийн Засаг даргад санал, дүгнэлтээ ажлын 10 хоногийн дотор танилцуулж шийдвэрлүүлнэ.

4.3 Хууль, тогтоомжид заасан болон энэхүү журмын 2.1-2.2-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу, 3.1-т заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө.

4.4 Холбогдох хууль тогтоомж, стандарт болон энэ журмын 3.1-т заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид аймгийн Засаг даргын шийдвэрээр хоёр жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох буюу сунгана.

4.5 Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа газрууд стандартад заагдсан ангиллын дагуу тус тусдаа тусгай зөвшөөрөл олгогдоно.

4.6. Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан аймгийн Цагдаагийн байгууллага, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар болон харьяа сумын Засаг даргад хүргүүлж, www.govisumber.gov.mn сайтад байршуулна.

4.7. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад нийцэж байгаа эсэхэд аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу орон тооны бус зөвлөл нь аттестатчиллын шалгалтыг зохион байгуулж зөрчил илэрсэн тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

Тав. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

5.1. Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх шийдвэр гаргаж  тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.Үүнд:

5.1.1. Тусгай зөвшөөрөл бичигдсэнээс хойш 1 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл хүсэгч тэмдэгтийн хураамжаа төлж зөвшөөрлөө аваагүй;

5.1.2. Аймаг, сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг зөрчсөн;

5.1.3. Аж ахуйн нэгж өөрөө хүсэлт гаргасан нөхцөлд;

5.2. Энэхүү журмын 4.7-д заасан үндэслэл бий болсон болон холбогдох мэргэжлийн байгууллагаас Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн санал дүгнэлтийг Аймгийн орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлцүүлж, шийдвэрлэнэ.

5.3. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээхэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг баримтална.

Зургаа. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

6.1. Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно.Үүнд:

6.1.1. Тусгай зөвшөөрлийг бусдад түрээслүүлсэн, ашиглуулсан, худалдсан, барьцаалсан;

6.1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргасан;

6.1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан;

6.1.4. Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

6.2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм, журам зөрчсөн.

6.3. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг байнга буюу удаа дараа / 2 ба түүнээс дээш / эсхүл ноцтой зөрчсөн.

Долоо. Хяналт

7.1. Тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга, эрх олгосон төрийн болон төрийн бус байгууллага хяналт тавина.

7.2. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид холбогдох байгууллагууд энэ журмын 3.1-д заасан шаардлагын дагуу чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийх ба улиралд 1 удаа аттестатчилалын шалгалтыг явуулна.

Найм. Маргаан шийдвэрлэх, хариуцлага

8.1. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

8.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.